
Эрүүл мэндийн яамны зүгээс энэ оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгон зарлаж буй. Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн барилгын бүтээн байгуулалт, эмчилгээ оношилгооны шинэчлэлийг нилээдгүй хийсэн. Гэвч иргэдийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанартай холбоотой хэл ам багагүй гарсаар байдаг. Иймд энэ жил эмнэлгийн салбарын үйлчилгээ чанарыг ихэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотой эмч нарын харилцаа, хяналт, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зэрэг олон чухал шаардлагатай зүйлсийг тусгасан санал санаачлагуудыг хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн тус яамнаас хүүхэд багачуудын эрүүл мэндэд энэ жил илүүтэй анхаарч “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяныг зохион байгуулахаар болжээ. Жилийн турш үргэлжлэх энэхүү аяны хүрээнд Монгол улсын ирээдү болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн нэгдсэн судалгааг гаргаж, тэдний дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, авах арга хэмжээний хүрээнд эмчилгээ үйлчилгээг нэгдсэн журмаар хийх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Энхтөрөөс тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аян зарлахаар болжээ. Хэзээнээс эхлэн ямар зарчмаар энэхүү аяныг өрнүүлэх вэ?
-Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг энэ жилийн зорилт болгосон нь үнэхээр чухал асуудал. Монгол улсад өнөөдрийн байдлаар 0-18 насны 961 мянга гаруй хүүхэд, залуучууд байна. Аяныг ирэх сарын 6-наас орон даяар эхлүүлж, хоёр үе шаттай явагдана. Эхний ээлжинд 0-18 асны бүх хүүхэд залуучуудад эмчийн үзлэг хийж, амны хөндийн эрүүл мэнд, нүдний хараа, амьсгалын тогтолцооны эмгэг, суурь өвчлөл байгаа эсэхийг асуумжаар бөглөнө. Бэлтгэл ажил хэдийн хийгдсэн байгаа. Үүний дараа дээрх асуумжыг үндэслэн хүүхэд залууст, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийнэ.
-Ер нь хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог өвчлөл юу байдаг вэ?
Өнгөрсөн онд хийсэн судалдгаагаар 0-18 насны нийт хүүхэд залуусын 80 орчим хувь нь амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай гэж гарсан. Мөн нүдний харааны өөрчлөлт. Энэ нь ялангуяа нийслэлийн буюу төв суурин газар амьдардаг хүүхдүүдэд хамаатай. Мөн бөөрны өвчин. Ер нь тухайн хүүхэд хаана ямар орчин амьдарч байгаагаас үл хамаарч орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, хөдөлгөөний дутагдал, хөгжим чангаар сонсох, компьютер, зурагт олон цагаар ширтэх зэргээс болж нүдний хараа, сонсгол, бөөр нурууны өвчинд их өртөх болсон.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ