
Эрхэм уншигч танаас нэг зүйлийг асуух гэсэн юм. “Бусдын бодлыг хулгайлж болох уу” гэж. Энэ тухай та чухам юу гэж бодож байна вэ. Эргэцүүлээд үзээрэй. Хэзээ ч юм бэ та хэн нэгэнд бодол санаагаа алдаж байсан бол “Бодлын хулгайч”-д аминчлан дуулгаарай. Басхүү ойр дотныхныхоо бодол сэтгэлд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол “Бодлын хулгайч”-аар зуучлуулан тэднээс уучлалт гуйна уу. Учир нь хүний бодол санаа гэдэг хэн ч халдаж зүрхлэмгүй цайз юм. Гэвч та “Бодлын хулгайч”-тай нүүр тулан уулзаж үзсэн үү. Хэрэв уулзаж амжаагүй бол тун ойрмогхон цаг товлон уулзацгаая. Учир нь ийм нэртэй нэгэн бүтээл шинэ Монголын кино урлагийн түүхнээ тун удахгүй тэсрэлт хийх гэж байна. Хайр сэтгэл, гэр бүл, нөхөрлөл, хүн чанар, гэнэн томоогүй явдал, сургамж, ухаарал… Энэ бүхний тухай, бас туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар үзэгч танд “90 сая”-ын Гансүх хэмээх дуулиант эр “ярьж” өгөх болно.
Эрхэм та “Wisdom” продакшны бүтээл “Бодлын хулгайч” уран сайхны киноноос түүний ээдрээт амьдралын түүхийг сонирхох боломжтой. Хорих ангид, бас Хятадад зураг авалтыг нь хийсэн энэхүү киног бүтээхэд нийт 600 гаруй хүн оролцсон бөгөөд 300 хоригдол зураг авалтанд оролцжээ. Шилжилтийн эхэн үеийн түүхийг өгүүлэх уг кино асар өндөр өртгөөр бүтсэн бөгөөд ерөнхий продюссерээр А.Уянга ажиллан кино зохиолыг сэтгүүлч Д.Төрмөнх бичиж, гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглосон аж. Харин ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий зураглаачаар Д.Ангараг ажилласан юм байна. Тун удахгүй нээлтээ хийх “Бодлын хулгайч” хэмээх киног үзэх үеэрээ та дээрх асуултуудад дахин хариулахыг хичээгээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ