Морин хуурын олон улсын III наадам болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Морин хуурын олон улсын III наадам нийслэлд болох гэж байна. Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, “Пегасус” төв хамтран зохион байгуулж байгаа энэ наадам ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд болох юм.   Тус наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлжээ. Тус олон улсын III наадамд хуур урлаачдын үзэсгэлэн гарч, гадаадын морин хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ болох аж.   Эрдэм шинжилгээний хурлаар монголуудын морин хуурын сургалтын арга, онцлог болон монгол хүний сэтгэлгээнд хуур хэрхэн нөлөөлсөн зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавих юм. Нэгдсэн тоглолтын үеэр олон улсын хуурчид Ж.Чойдогийн “Монголын сайхан орон”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга” зэрэг олон бүтээлүүд эгшиглэх аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ