
Холливудын нэрт жүжигчин Деми Мур өөрөөсөө 15 дүү нөхөр Эштон Катчераасаа салах өргөдлөө шүүхэд албан ёсоор өгчээ. Эштон Катчер Деми Мурыг удаа дараалан хуурч байсан нь илэрсэн тул 48 настай жүжигчин эмэгтэй цаашид хамтдаа амьдрах боломжгүй гэж үзсэн ажээ.
“Би маш их доромжлол амслаа. Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хүнд байв. Гэхдээ нэгэнт нөхөртөө итгэж чадахгүй болсон тул салсан нь зөв” гэж Деми Мур өөрийнхөө шийдвэрийг тайлбарласан байна.
Эштон Катчер хуримынхаа зургаан жилийн ойн өдөр 23 настай оюутан бүсгүй Сара Лилтэй зочид буудалд хоноглосон нь баримтаар нотлогдсон юм. Сара Лил ч Эштон Катчертай хамт нэг шөнийг зүгээр өнгөрүүлээгүй гэдгээ хэвлэлээр тун бахархалтайгаар зарласан.
Ийнхүү Деми Мур гурав дахь удаагаа гэр бүлээ цуцлуулахад хүрээд байна. Тэрээр өмнө нь рок хөгжимчин Фредди Муртай таван жил, дараа нь нэрт жүжигчин Брюс Уиллистай 13 жил ханилж, гурван охин төрүүлж, өсгөсөн юм.
Харин Эштон Катчертай зургаан жил хамтдаа амьдарчээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ