
“Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 56 дугаар чуулган өчигдөр АНУ-ын Нью- Йорк хотноо эхэлжээ.
Хуралдааны нээлтэд, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Милос Котерек, “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын гүйцэтгэх захирал Мишель Бачелет нар оролцож үг хэлсэн байна.
Уг чуулганд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди оролцож байгаа бөгөөд “Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь, ядуурал болон өлсгөлөнг бууруулахад тэдний гүйцэтгэх үүрэг, ахиц дэвшил болон тулгарч буй сорилтууд” сэдэвт өндөр хэмжээний уулзалтад оролцож, үг хэлжээ.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлж, хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.
Эмэгтэйчүүдийн асуудал нь хүн бүрт хамааралтай. Тэднийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал.
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, сонголт болон боломжийг тэдэнд ижил тэгш олгох нь тэдний эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд тогтвортой хөгжилд ч тэдний оролцоо чухал юм. Тиймээс зургадугаар сард болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлын үеэр “Эмэгтэйчүүд ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр хэмжээний уулзалтыг Бразилийн Засгийн газартай хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаараа НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын гүйцэтгэх захирал М.Бачелет онцлон тэмдэглэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ