Орон сууцны барилгын метр квадратын үнэ дунджаар хэд байна вэ. Баталгаатай үнэ хэлж өгөөч?
-Барилга барьж буй өөрийн өртөг нь метр квадратын талбайн үнэ 550-700 мянган төгрөг байна. Энэ бол монголын барилгачдын орон сууц барьж буй өртөг. Харин зах зээлд худалдагдаж байгаа үнэ нь 1800 мянган төгрөг болоод байна. Эдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй. Учир нь газраа өөрсдөө худалдан авч барилгаа барьсан.
-Таны хэлж буйгаар бол 50 сая төгрөгт багтааж иргэд байр авч болно гэсэн үг үү. Зөрүү мөнгө төлөхгүй юу?
-Засгийн газрын шийдвэрт тодорхой тусгасан шүү дээ. 1-3 өрөө байрыг 50 сая төгрөгийн зээлд багтаан олгоно. Өөрөөр хэлбэл метр квадрат талбайн 850 мянган төгрөгөөс нэг саяын хооронд өртөгтэй байр худалдан авна гэсэн үг. Мэдээж Засгийн газраар хувийн хэвшлийнхэн Үйлдвэрчний эвлэл, Барилгачдын холбоо хооронд хэлэлцээр байгуулж байж шийдэгдэнэ. Түүнээс биш нэг хувийн хэвшлийн компани дуртай үнээ хэлж иргэдэд хөнгөлттэй зээлээр худалдана гэсэн ойлголт байхгүй. Заавал зөвшилцөлд хүрнэ.
-Барилгын метр квадратын үнэ дунджаар хэд байхыг баталгаатай хэлж өгөөч. Одоо хөөцөлдвөл таны хэлж байгаа үнээр байр олдох болов уу. Чанарын асуудалд сайн анхаарна биз дээ?
-Цаашдаа үнэ буурна. Нийлүүлэлт сайн болоод ирэхээр үнэ буурах нь тодорхой. Төрийн зохицуулалтаар зохицуулахаар нэг метр квадрат нь 850-1,000,000 төгрөгийн хооронд барих санаатай байгаа. Барилгачдын хүсэл сонирхол ч, ард түмний хүсэл сонирхол ч Засгийн газрынхтай нийлж байгаа.
-Газрын авилгын асуудал барилгын үнэд маш их нөлөөлдөг учраас үнэ өсөх шалтгаан болдог гэж иргэд ярьж байна. Энэ талаарх таны бодол?
-Ер нь бол тийм тал байсан. Засгийн газрын хөтөлбөрт орсон барилгын үнэд газрын үнэ багтаагүй учраас ханшинд нь нөлөөлөхгүй. Буянт ухаа, Шинэ яармаг, Долдугаар хороолол, телевизийн орчим гэсэн газруудад баригдах орон сууцны газрыг нь дэд бүтцийнх нь хөрөнгө оуулалтыг төр хариуцаж байгаа учир газрын наймаа явагдахгүй.
-Иргэд 50 саяас илүү гарсан мөнгөө манайд тушаа гэсэн шаардлага барилгын компаниуд тавьж байна. Жишээ нь 70 саяын өртөгтэй байрыг худалдан авахад зөрүү 20 сая төгрөгөө барилгын компанид төлөх болж байна уу?
- Засгийн газраас барьж буй бодлого бол бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах. Тэгэхээр 6 хувийн хүүтэй орон сууцын зээлд хамрагдах иргэд дээд тал нь 55 м/кв хүртэл талбайтай 1-3 өрөө байрыг худалдан авахыг санал болгож байгаа юм. Хэрэв иргэд худалдан авах чадамжтай бол 100 м/кв хэмжээтэй байр худалдаж авах хүсэлтэй бол зөрүүгээ өөрөө төлж болно гэсэн.
-Ямар ч байсан эхний ээлжинд байрны зээлд хамрагдах хүмүүс 50 сая төгрөгт багтаан 1-3 өрөө байрыг авна гэж ойлгож болох уу?
-Тийм. Засгийн газраас бага дунд орлоготой өрхүүдийг орон сууцжуулах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ