
Ардчилсан намаас эрдэмтдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүн өнөөдөр гарлаа. Өнгөрсөн онд орон даяар зохион байгуулсан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээр АН-ынхан нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар иргэдийн саналыг сонссон. Улмаар уг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарцыг зөв тодорхойлохын тулд эрдэмтэн, судлаачдын дунд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарласан юм.
Шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг “Аль ч улс төрийн хүчин нийгмийн хүндрэл бэрхшээлийг зүгээр нэг сонсоод өнгөрөх бус, шийдэх гарцыг заавал хайдаг байх ёстой. Ингэхдээ өөрсдөө бүхнийг мэддэг юм шиг хий хоосон ярилгүй салбарын мэргэжилтэн, эрдэмтдийн санал санаачилгыг сонсож, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах нь зөв. Бид ийм зорилгын хүрээнд энэ уралдааныг зарласан” гэж ярилаа.
Уралдаанд 30 гаруй хүн бүтээлээ ирүүлснээс дараах хувь хүн, багууд шагналт байрт шалгарсан байна.
1.“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдэвт Б.Энхбайгаль “Монгол Улсын эдийн засгийн чиг баримжааны хувилбарууд, түүнд харгалзаж үзэх хүчин зүйлс” бүтээлээр III байр эзэлж, таван сая төгрөг.
2.“Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт “Леко” баг I байр 20 сая төгрөг, Т.Энхтуяа II байр 10 сая төгрөг, Ц.Цагаанхүү III байр таван сая төгрөг.
3.“Боловсролын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт Ч.Ганзориг III байр таван сая төгрөг.
4.“Монгол Улсын эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох нь” сэдэвт “Монгол оюун” баг III байр таван сая төгрөг.
Хөдөлмөр эрхлэлтээс бусад гурван сэдвийн хүрээнд I, II байр эзлэх бүтээл шалгараагүй шалтгааныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Монголын төр эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсдоггүй, хамтран ажилладаггүйтэй холбон тайлбарласан. Тэрбээр “Үгийг нь тоохгүй байгаад байхаар энэ хүмүүс маань ч нийгмийн салбаруудад дорвитой шинэчлэл хийх талаар дорвитой шийдэл санал болгохгүй байна. Хэдийгээр энэ уралдааны зарим хэсэгт 100 хувь час хийсэн санаа орж ирээгүй ч бид цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа нягт хамтран ажиллаж, тэдний үнэтэй цэнэтэй саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно” хэмээсэн юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ