Чөлөөтийнхөн олимпийн эрх авах 3 тэмцээнд өрсөлдөнө

img

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ҮШБ-ийн тамирчид энэ сарын 24-ний өдрөөс Орхон аймгийн Олимп баазад нэгдсэн бэлтгэлд гарсан байгаа. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-ын олимпийн эрх олгох дүрмийн дагуу бөхчүүдэд дөрвөн үе шаттайгаар эрх олгоно. Эхнийх нь 2011 оны ДАШТ байлаа. Харин хоёр дахь нь тив тус бүрт зохиогдох сонгон шалгаруулах өрсөлдөөн юм. Энэ нь Казахстаны Астана хотноо 3-р сарын 30-наас 4-р сарын 21-нд болно. Лондонгийн олимпод чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд долоон жинд 133, эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн жинд 72, цагаан хуудсаар дөрөв, нийт 209 бөх өрсөлдөх юм. Одоогийн байдлаар Монголын тамирчдаас ОУХМ О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар өнгөрсөн оны 9-р сард болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс олимпийн эрхээ аваад байна. Туркийн Стамбул хотноо өнгөрсөн онд болсон ДАШТ-ээс олимпийн жин тус бүрт зургаан тамирчинд, тодруулбал алт, мөнгө, хүрэл медалийн эздээс гадна хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бөхчүүдэд олимпийн эрх олгосон юм. Ингэснээр дэлхийн 26 орны 66 бөх олимпийн эрхтэй болсон юм. Эрх авсан орнуудаас АНУ-ын баг тамирчид хамгийн олон буюу найм, ОХУ-ын бөхчүүд долоо, Казахстаны тамирчид зургаан эрх авсан аж. Монголын тамирчдыг хүлээж байгаа олимпийн эрх авах гурван тэмцээнийг танилцуулая. 1. Азийн сонгон шалгаруулах тэмцээн: Казахстаны Астана хотод ирэх гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 21-нд болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин болох эрэгтэй долоо, эмэгтэй дөрөв нийт 11 жингийн ангилалд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад буюу нийт 22 тамирчинд олимпийн эрх олгоно. 2. БНХАУ-ын Тайюань хотод дөрөвдүгээр сарын 27-29-нд болох энэ тэмцээнээс эрэгтэйчүүдийн долоон жинд медаль хүртсэн тамирчдад, харин эмэгтэйчүүдийн дөрвөн жинд эхний хоёр байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно. Энэ өрсөлдөөнөөс нийт 36 бөх олимпийн эрхээ өвөртлөх ажээ. 3. Финляндын нийслэл Хельсинк хотод тавдугаар сарын 2-6-нд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болно. Энэ өрсөлдөөнөөс эрэгтэй, эмэгтэй нийт 11 жин тус бүрт эхний хоёр байр эзэлсэн буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад олимпийн эрх олгох юм. Нийт 22 бөх энэ тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлнө. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chinbilegt:
tand amjilt husie. nacanburmaa egch chuluunbat ah 2-t hicheecerie
2012-08-03