
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, ОССК-ын захирал Ж.Алдаржавхлан болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар иргэдийн дунд яригдаж буй 50 сая төгрөгийн зээл гэдэг нь дундаж хэмжээ бөгөөд байрны үнийн дүнгээс хамаарч 70 сая төгрөг хүртэл хэмжээний зээл авч болох гэнэ.
Гэхдээ тухайн байрны хэмжээ нь 55 м.кв-аас доош талбайтай байхыг Засгийн газраас голлон анхаарч байгаа юм. Жишээлбэл, 50 м.кв талбайтай байрны нэг м.кв тутам нь 1.2 сая төгрөг байвал нийт үнэ нь 60 сая төгрөг болно. Тэгвэл иргэн 60 сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин урьдчилгаа 10 хувь буюу зургаан саяыг бэлэн төлөх гэнэ. Зээлийн хэмжээ чухал биш харин байрны хэмжээ чухал гэдгийг албаныхан сануулж байлаа.
Мөн дөрвөн хүүхэдтэй өрхийг эхний ээлжинд зээлд хамруулна гэсэн нь журманд орсон энгийн нэг заалт болохоос хатуу шаардлага биш гэдгийг хэлж байлаа. Залуу гэр бүл, гэр хороололд амьдарч байгаа олон ам бүлтэй өрхүүдээс шаардлага хангаж л байгаа бол Монгол Улсын иргэн бүр уг зээлд хамрагдах боломжтой. Харин анх удаа орон сууцны зээл авч байгаа гэдгийгээ батлах ёстой. Ингэснээр орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт сайжирна гэж Засгийн газраас үзэж байгаа юм байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ