
Засгийн газар Туулай жилийн отгон хуралдаанаараа бага дунд орлоготой өрхүүдэд 6 хувийн хүүтэй зээл өгч орон сууцжуулах шийдвэр гаргасан билээ.
Иргэд батлагдсан журмаар 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргах ёстой. 50 сая төгрөгийн зээл авахын тулд тухайн зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байхаас гадна “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болохыг журманд тусгаад байна.
Гэхдээ худалдан авах орон сууц нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байх ёстой юм. Тухайн иргэн, өрх зээл авахдаа орон сууцаа барьцаалж тавьж болох бөгөөд зээлээ урьдчилан төлөх эрхтэй болжээ.
Энэхүү шийдвэртэй холбоотой иргэдийн байр суурийг сонслоо.
Г.Батжаргал: Залхуу зальтай нэг нь нам дагах болжээ

Засгийн газраас ядарсан иргэдээ орон сууцжуулах ажлыг эхлүүлж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Хамгийн гол нь бодит ажил болж хэрэгжих болтугай. Улс төрчид ч иргэдээ хуураад сурчихсан хүмүүс.
Үнэхээр бага орлоготой, гэр хороололд амьдарч байгаа иргэдээ тохилог орон сууцтай болговол олон хүн баярлана. Эд тэгээд их худлаа ярих юм.
Сая тэтгэвэр нэмнэ гэсэн бас л худлаа. Сая өвөө нь тэтгэврээ авлаа. Нэмэгдээгүй л байна. Сонгууль төхөхөөр орон сууц ярьж байж ч мэднэ цаадуул чинь. Итгэхэд бэрх хүмүүс. Одоо ч тэгээд залхуу зальтай нэг нь нам дагаж хөлждөг болж дээ.
Д.Уранмандах: 300 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдахгүй байх

Манайх ам бүл 5. Өрхийн сарын орлого 300 мянган төгрөг. Тэгэхээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдана гэж байхгүй байх. Уг нь хамрагдчих юмсан. Даанч би ажилгүй. Хүүхдээ хардаг юм. Манай нөхөр л ганцаараа ажил хийдэг.
Сарын 300 мянган төгрөгийнхөө хэдийг нь зээлийн орон сууцандаа өгөөд хэдээр нь хоол хүнсээ авах билээ дээ. Өрхийн орлоггүй айл өрх бол энэ зээлд хамрагдана гэж худлаа л даа. Манайх шиг сарын 300 мянган төгрөгөөр амьдардаг айл өрх олон бий шүү дээ.
Б.Наранбаяр : Нийслэл утаагүй болно

Засгийн газрын шийдвэр хэрэгжвэл сайн юм байна. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгох ажил хэрэгжих байлгүй дээ. Нэгэнт шийдвэр гарчихаж байгаа юм чинь. Бага дунд орлготой айл өрхүүд орон сууцтай болчихвол Улаанбаатарын утаа багасна.
Манай гэр бүл байргүй. Гэр хороололд амьдардаг. Одоогоор яг хөнгөлөлтэй зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч амжаагүй л байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн ярьдаг гэр хорооллын айлууд хаус барьж амьдарна гэдэг буруу юм шиг санагддаг. Утаа багасахгүй.
Ч.Доржсүрэн: Манай хүүхдүүд байртай

Эмээ нь Дундговь аймгаас ирсэн. Энэ зээлийн байрны асуудлыг огт мэдэхгүй юм байна. Манай хүүхдүүд байртай болохоор сонирхсонгүй. Ямар учиртай зээл юм бол. 6 хувийн хүүтэй орон сууцны зээл юм бол орлого багатай хүүхдүүд орон сууц худалдаж аваад амьдарч болмоор юм биш үү.
Тэгээд энэ төр засгийн дарга нар хэцүү хүмүүс шүү дээ. Улс төр хийж байж ч мэднэ. Хүүхдүүдийг байр оронгүйгээр нь далим хийгээд нэг их ажил хийдэг хүн шиг харагдах гэж байж ч мэднэ.
Н.Ариунаа, Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ