
Монгол Улсаас Бүгд Найрамдах Түркменстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд О.Очиржав өчигдөр Түркменистаны Үндэсний Хурлын дарга, хатагтай Акжа Тажиевна Нурбэрдыевад итгэмжлэх жуух бичгээ барьжээ.
А.Т.Нурбэрдыева элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан, хоёр орны дотоод байдал, гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол, нөхцөл боломж, чиглэлийн талаар ярилцсан байна.
Туркменстаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовоос Элчин сайдад албан тушаалдаа орж байгаатай нь холбогдуулан илгээсэн захидлыг А.Т.Нурбэрдыева гардуулав. Элчин сайд уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг түүнд уламжилжээ.
Элчин сайдыг Түркменстаны Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Вэпа Сэгсэнгэлдиевич Хажыев мөн хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүмүүнлэг, спортын болон бусад салбарт хөгжүүлэх боломж, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ