“Хараацай” хүүхдийн ардын урлагийн их наадам үргэлжилж байна

img

Монгол үндэсний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилготой “Хараацай” хүүхдийн ардын урлагийн их наадмын  I шатны шалгаруулалт Хан-Уул дүүрэгт болж байна. Багш нарын ур чадварыг нэмэгдүүлж авьяас чадварыг дээшлүүлж, ардын урлагийн шинэ залуу үеийг гаргаж зорилготой уг наадмыг Хан-Уул дүүргийн ЗДТГ, Нийгмийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хан-Уул Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа аж.   Энэхүү наадамд ЕБС-ийн сурагчид Ардын яруу найраг /үргэлжилсэн ба холимог/, Ардын билиг урлаг, Ардын хөгжмийн сонгодог урлаг, Ардын бүжиг, бий, биелгээний урлаг, Уламжлалт сонгодог бүжгийн урлаг, Ардын жүжиг, цэнгэл наадам, Дүрслэх урлаг /үзэсгэлэн / төрлөөр авьяас билгээ сорих юм байна. Харин цэцэрлэгийн насныхан Монгол Ардын Үлгэр, туульсаас сэдэвлэсэн хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон жүжигчилсэн тоглолтыг үзүүлэх юм.   Дүүргийн сургууль, цэцэрлэгүүд авсан медалийн тоо чанараас хамааран Шилдэг сургууль, Шилдэг цэцэрлэг, ЕБС болон цэцэрлэгийн Шилдэг хөгжмийн багш, Шилдэг зохион байгуулагчдыг тус тус шалгаруулна. Зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадмын II шатны шалгаруулалт энэ сарын 6-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд эхлэх бөгөөд нэгдсэн гала тоглолт ирэх сарын 10-нд Буянт-Ухаа спортын ордны их танхимд болно.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ