
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох анхны амжилттай алхам хэмээн зарлалаа.
Энэ нь АНУ Умардын талд 240,000 тонн хүнсний бүтээгдэхүүн тусламжаар илгээж хариуд нь ардчилсан солонгосчууд цөмийн хөтөлбөрөө түр зогсоох шийдвэр гаргах тухай хэлэлцээр амжилттай болсныг хэлж байгаа хэрэг юм.
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон АНУ болон Умард Солонгосын төлөөлөгчдийн хэлэлцээрийн үр дүнд ийм шийдвэр гарчээ.
Умардыг ийм шийдвэр гаргахад Хятадын талын нөлөө их байсныг Цагаан ордноос онцлон тэмдэглэсэн байна.
Ажиглагчдын үзэж буйгаар Умард Солонгосын өлсгөлөнгөөс цөмийн хөтөлбөрөөрөө барьцаалан мултрах ээлжит нэгэн арга байж болох талтай ч энэ удаад АНУ, БНХАУ-ын тал нэгдмэл хатуу байр суурьтай хэлэлцээрийн ширээний ард байж чадсан тул үр дүн нь тун ч боломжийн хэмээн тэмдэглэжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ