
МУ-ын хэмжээнд нийт спортын 42 холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас эдгээр спортын холбоодын өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг дүгнээд энэ онд спортын 24 холбоог сонгон шалгаруулжээ. Шалгаруулалтыг үндэсний, тулааны, хөгжлийн бэрхшээлтэй хэмжигдэхүүнтэй, оюуны хөгжлийн, гэсэн төрлөөр сонгосон байна. Ингээд спортын уралдаан тэмцээнийг санхүүжүүлэх журмын дагуу спортын 24 холбоотой хамтран ажиллахаар боллоо. Үүнд МОБХ, МУССХ, МЧБХ, Монголын гимнастикийн холбоо, Монголын гандболын холбоо, Монголын самбо бөхийн холбоо, МҮБХ зэрэг спорт холбоодууд багтсан байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас энэ оныг "Спортын амжилт, бүтээн байгуулалт"-ын жил болгон зарласан. Энэ хүрээнд 2012 онд спортын 24 холбоодод 150 сая төгрөгийн хамтын гэрээ байгууллаа. Эдгээр холбоодоос 20 нь үйл ажиллагааны зардал, 4 холбоо нь үйл ажиллагаа болон тэмцээн уралдааны мөнгөн шагналд энэ мөнгийг зарцуулах аж. Харин БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өмнөх жилүүдийг бодвол спортын холбоод буюу спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТТБ-ыг түлхүү дэмждэг болсон гэж тодотгон хэлсэн юм. 2012 он зуны 30-р олимпийн жил. Мөн Бүх ард түмний спортын их наадам Монгол орон даяар өрнөж байгаа. Энэ хоёр наадам нь 4 жилд нэг удаа болдгоороо онцлогтой. Спортын холбоод ч улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанаа Бүх ард түмний спортын 13-р их наадмын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ