Хэн жинхэнэ өрсөлдөгч вэ
Владимир Путины он жилүүд үргэлжилсээр буй мөчид Орост түүний эсрэг сөрөг хүчнийнхэн байр сууриа улам бэхжүүлж, эгнээгээ нэмсээр байгаа.
Тэдэнд Путинтай өрсөлдөхүйц хүчирхэг удирдагч хэрэгтэй. Харин тэр хүн одоогоор Орост үгүй гэж хэлж болно. Коммунист Зюганов, алиалагч Жириновский болон Путиныг эсэргүүцэгч нэрээр олон нийтэд танил болсон шинэ оросуудыг эс тооцвол тэрбумтан Михаил Прохоров дээрх тодорхойлолтод дөхөж очихуйц нэгэн.

Хоёр метр гурван см өндөр Прохоров Путины цаг үеийг дуусгана хэмээн чангахан дуугарсаар улстөрд орж ирсэн. Кремлийн эзнийг унагах чадал түүнд хараахан үгүй байгаа ч ерөнхийлөгчийн сонгууль болж буй энэ мөчид түүний эсрэг бусдаасаа илүү олон санал авч өрсөлдөх нэр дэвшигч юм.
Орос оронд перестройка эхэлсэн тэр үеэс л Михаил Прохоров бүхнийг өөр нүдээр харж Сибирийн хөрсөн доорхи асар их баялгийн үүцнээс атгаж амжсан билээ. “Норильск Никель” хэмээх компани байгуулж, гадаадаас тоног төхөөрөмж зөөж, уул уурхайн салбарт магнат, төдийгүй дэлхийн хэмжээний тэрбумтан болж амжсан Михаил Прохоров улстөрд орох нь Путиныг хэсэгтээ л цочирдуулсан гэлцэх.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью Жерси Нетс багийн эзэн, тэрбумтан гэдэг нэрээр дэлхийд танигдсан Прохоров Орос эх орондоо эргэн ирж шинэ цагийн сөрөг хүчний удирдагчийн дүрд орохоор зүтгэж эхэлсэн нь энэ.
Ерөнхий сайд Путиныг хүчтэй шүүмжилж, зоргтой дуу хоолойгоо нийгэмд хүргэж эхэлсэн түүнийг Оросын шинэ үеийнхэн, эдийн засгийн шинэчлэл болон одооныхоос илүүтэйгээр барууны хэв маягтай улс орон болохыг хүсэгчид, спортын хорхойтнууд, залуус гээд ер нь хоёр дахь перестройкаг хүсэгчид дэмжих болсон.
Михаил Прохоров ч ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласны дараахан "Хагас коммунист, хагас дарангуйллын тогтолцоог Орос оронд бугшихаас өмнө хага татан хаях" тухайгаа ам бардам зарлаад амжсанаар илүү олон тойрон хүрээлэгчдээ бүрдүүлсэн гэх.
Мөн түүнийг Путины талыг баримтлагсад болон Нэгдсэн Орос намынхан барууныхны гар хөл бологч хэмээн нэрлэдэг. "Гар хөл" болдоггүй юмаа гэхэд түрийвчээ хангалттай түнтийлгэж, улстөрд орж буй Михаил Прохоровыг өрнөдийнхөн тэр дундаа америкчууд илт дэмждэг.
Үнэн хэрэгтээ өрнөдийнхний нүдэнд үеэ өнгөрөөсөн Зюганов, Жириновский нараас илүүгээр Прохоров л Путины эсрэг зогсож чадахуйц харагдаж байгаа нь лавтай.
Прохоров Путиныг ялаад гараад ирж чадахгүй ч ирэх жилүүдэд түүний жинхэнэ өрсөлдөгчөөр өсөн өндийж, "хүнд хэцүү" цаг мөчүүдэд зоригтой дуугарч чадах улстөрч болох ирээдүй түүнд бий.
Халзан Путин "ялав"

Гэхдээ олон улсын ажиглагчид энэ сонгуульд В.Путиныг ялах нь тодорхой бөгөөд ирэх зургаан жилд өөрийн хэв шинжит тогтолцоог улам дэлгэрүүлэх нь дамжиггүй хэмээн үзэж буй.
Эвлэрэхээс аргагүй болсон үнэнтэй арсалдаад хэрэггүй гэдгийг тэд мэдэж байгаа. Тиймээс ч В.Путиныг Оросын төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон ч өрнөдийнхөн болон орос гүрний хоорондох харилцаанд ноцтой өөрчлөлт орохгүй хэмээн тодорхойлж байна.
Гэсэн хэдий ч бүхэл бүтэн зургаан жил тэдэнд хайран санагдаж байгаа. Тиймээс битүүхэндээ В.Путины уналтыг сэрүүн зүүдлэх нь лавтай.
Ажиглагчдын үзэж буйгаар хаяж сурсан бөх гэгчээр өрсөлдөгчдөө хялбархан ялах магадлал тун их. Путины энэ ялалтыг өнгөрсөн бүх нийтийн санал хураалт ч батлаад өгсөн гэхэд болно.
Хэдийгээр В.Путины эсрэг сөрөг хүчнийнхэн түүнийг дахин сонгогдвол эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж жагсаал цуглаан хийхээ мэдэгдээд байгаа ч маргааш гэхэд нэгэнт бүх зүйл оройтсон байх болов уу.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон хуулинд өөрчлөлт оруулж, намын дүү Димадаа өөрийн суудлыг баттай хадгалуулж байсан В.Путин маргааш гэхэд 14 жил
/2000-2008 онд төрийн тэргүүн байсан/ Оросын төрийн тэргүүний албыг хаших нэгнээр тодорно.
Ирэх аравдугаар сард болох 60 насны ойдоо барих түүний хамгийн том бэлэг.
В.Путиныг энэ сонгуульд ялах нь тодорхой гэдгийг батлах өөр нэгэн зүйл бол Оросын удирдагчдын дунд байдаг хошин бас хачирхалтай гэмээр үнэн зүй тогтоц. Халзан, үсгүй хэмээх тэрхүү зүй тогтлоор бол Путин ялна.
Владимир Ильич халзан байсан бол Иосиф Сталин үстэй байсан. Эндээс эхлээд Хрушев халзан, Брежнев үстэй, Андропов халзан, Чернынко үстэй, Горбачев халзан, Ельцин үстэй, Путин халзан, Медведев үстэй гээд эцэст нь халзан хүн энэ удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой юм бол тэр нь Путин байх нь дамжиггүй.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ