
Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулатын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангийн санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирүс”-ийн халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэхээр болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын дотор II дугаарт, нас баралтын IV дүгээрт орж байгаа аж.
Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2005 онд Улаанбаатар хотын оршин суугч 15-59 насны нийт 969 эмэгтэйчүүдэд ХХВ-ын тархалтын судалгааг ДНК-ийн шинжилгээгээр хийхэд 35 хувь буюу 350-д нь, 25-аас доош насанд 48.5 хувьд нь уг вирүс илэрсэн байна. Мөн эдгээр хүмүүсийн цусны ийлдсэнд хийсэн эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр 38%-д нь эерэг (+)буюу ХХВ-ээр халдварлагдаж байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь Азийн орнуудад адил аргаар хийсэн судалгаа шинжилгээнүүдтэй харьцуулахад манай улсад хамгийн өндөр байна. Түүнчлэн 2006-2008 онуудад 10.000 хүн амд 1.23-1.55 промиль болж цаашид өсөх хандлагатай байна. Иймээс дэлхийн 100 гаруй улс оронд хэрэглэгдэж, үр дүнтэй болох нь тогтоогдсон, НҮБ-ын агентлагууд зөвшөөрсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан “Хүний хөхөнцөр вирүс”-ийн халдвараас сэргийлэх вакциныг үе шаттайгаар тарьж дархлаажуулахаар болсон юм.
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн байдлыг харгалзан эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны, 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэж байна. Цаашид дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан урьдчилан сэргийлж, дархлаажуулах зорилготой аж. Одоо хэрэглэхээр сонгож аваад байгаа GARDASIL вакцин нь нэг бүр нь 350 ам.долларын үнэтэй, умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны хорт хавдар, бэлгийн үү болон эдгээр хавдарын урьтал өвчнүүдээс 70-90 хувь сэргийлнэ.
Дархлаажуулалтын эхний тунг энэ сарын 12-16 нд, хоёрдахь тунг ирэх тавдугаар сарын 20-25 нд, гуравдахь тунг есдүгээр сарын 10-14 нд тус тус хийнэ. Энэ вакциныг булчинд тарьж хэрэглэх товлогдсон аймаг хотод амьдардаг бүх охидыг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ