Өмнөговьд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид хуралдлаа

img

Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлөөс өнгөрөгч амралтын өдөр СЕХ-ны дугуй танхимд өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн уг зөвлөлийн тэргүүн Х.Бадамсүрэн, УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Д.Балдан-Очир, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд н.Цогтбаатар, ЭБЭХ-ний яам болон агентлагуудын төлөөлөгчид, Өмнөговь аймаг дахь Засгийн газрын төлөөлөгч н.Сүхбаатар нар оролцлоо.   Өмнөговь аймагт уул уурхай, ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “МАК”, “Саусгоби сэндс” компаниудын захирал болон төлөөллүүд өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа танилцуулав. Мөн энэ жил болон ирэх жилүүдэд хийж бүтээх гэж байгаа бүхнээ танилцуулж, төр засгаас юунд анхаарах тухайд саналаа хэлэв. Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудал зам болон цахилгаан хангамжийн асуудал гэнэ.   Өмнөговьд хийгдэж буй дээрх хэдэн төсөл нь манай улсын эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр гэдэг  утгаараа төмөр зам барих асуудлыг хамгийн түрүүнд шийдэхийг тэд хүсч буй. Төмөр замын асуудлыг 3-4 жил хойшлуулж байгаа нь бизнест төдийгүй улсын хөгжилд саад учруулж байгаагаас гадна байгаль экологид нөлөөлж байна. Түүнчлэн усны асуудал чухлаар яригдсан бөгөөд Өмнөговьд хэрэгжиж буй эдгээр төслүүд нь усгүйгээс зогсоход ч хүрч болзошгүй гэнэ. Мөн нөхөн сэргээлтийн асуудлууд, уул уурхайг дагасан хотжилт, бүтээн байгуулалтын асуудлыг ч ярилцав. Төсөл хэрэгжүүлж буй дээрх хэдэн компаниас “Энержи Ресурс”-ынхан Цогтцэций сумыг ирээдүйд хот болгохоор төлөвлөн эхний хорооллыг барьж байгуулж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ