“Дүнжингарав-2012” уралдаан болж өнгөрлөө
“Дүнжингаравын хурд 2012″ хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоороо Төв аймгийн Зуунмод хотноо эхэллээ. Азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны ангилалаар явагдлаа. Эхний уралдаан болох эрлийз морьдын дээд насанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ. Өнгөрсөн жилийн "Дүнжингарав"-ын азарганы уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, сар шинийн өмнөхөн Монгол Улсын манлай уяач цол хүртсэн Д.Бат-Эрдэнийн халтар аман хүзүүнд ирлээ. Айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Бадамжунайн цахиур халзан, дөрөвт Монгол Улсын тод манлай уяач, Д.Цэрэнчимэдийн уясан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Алтансүхийн зээрд, айргийн тавд Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Монгол Улсын манлай уяач С.Ганхуягийн уяж хурдлуулсан Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд халзан хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа. "Дүнжингарав-2012" төвийн бүсийн хаврын уралдааны азарганы уралдаанд 234 хурдан хүлэг уралдсанаас 55 дугаартай мордсон Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Наранхүүгийн наран хээр азарга түрүүлсэн. Өнгөрсөн жилийн төрийн их баярын наадмын азарганы уралдаанд аман хүзүүдэж байсан энэ шандаст хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Д.Пүрэвдоржийн унаган хээр азарга аж. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбон зээрд орж ирлээ. Их насны 293 хүлэг уралдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Ерөөлтийн хүрэн морь түрүүлэв. Б.Ерөөлтийн зээрд Сүхбаатар угшлийн морь аж. Монголчуудын хамгийн их бэлгэшээдэг соёолон насны морьдын уралдаанд 205 морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс Төв аймгийн Жаргалант сумын Б.Батаагийн бор үрээ түрүүллээ. Уг морь бүсийн наадамд түрүүлж байсан бөгөөд 13 настай н.Лхагвадорж хүү унаж, хурдлуулав
Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ