
Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийг шуурхай хуралдаанд Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Жилийн зургаан хувийн хүүтэй 20 жилд эргүүлэн төлөх нөхцөлтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох талаар өнгөрсөн жилээс судалгаа хийсэн.
Сингапур улсад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлын айлчлал хийх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, миний бие тус айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Сингапур улс иргэдээ хэрхэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулсан талаар туршлага судалсан.
Иргэдээ богино хугацаанд орон сууцжуулсан туршлагаараа тус улс алдартай. Улмаар Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн сайд, ЗТБХБЯ-ны сайд, Нийслэлийн Засаг дарга нар “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл”-д хамруулах харилцааг зохицуулах журмыг 2012 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан. Уг журам гарснаас хойш иргэдийн дунд орон сууцны хөнгөлөлттэй зээл хүлээлт үүсгээд байсныг ойрын өдрүүдийн ачаалал харуулж байна” гэв.
Дээрх журам батлагдснаас хойш өдөрт 500-600 иргэн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авахаар тус байгууллагад хандаж буй ажээ. ОССК-аас найман бүртгэгч ажиллуулж, мэдээлэл өгүүлэхийн зэрэгцээ оssк.mn сайтаар энэ тухай мэдээг иргэдэд хүргэж байгаа.
Одоогийн байдлаар иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо “Төрийн банк”, “Капитал банк” илэрхийлжээ. Цаашдаа арилжааны банкнуудын тоо нэмэгдвэл энэ ажил иргэдэд хүндрэл чирэгдэл багатай хүрч, иргэд нэг зэрэг хамрагдах боломжтой гэдгийг Ж.Алдаржавхлан онцоллоо.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ