
Үйл ажиллагаагаа явуулаад 20 жилийг ардаа үдэж байгаа Монголын усан спорт сонирхочгдын холбооноос зохион байгуулж байгаа өсвөр үе, идэрчүүдийн 2012 оны УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр усан спорт сургалтын төвд нээлтээ хийсэн тэмцээний медалийн эзэд 32 зайд тодорч байна. Тамирчид нийт 136 гараанд гарч өрсөлдөж байгаа юм. Усан спортын төрөлд тухайн тамирчин 01.15.15 цагаар барианд орвол спортын дэд мастерын болзол хангадаг. Тэгвэл энэ удаагийн тэмцээнээс МУССХ-ныхон гурван дэд мастер шинээр өлгийдөн авлаа. Өврөөр даллах сэлэлтийн төрөлд 100 метрийн зайд хөвгүүдээс Усан спорт сургалтын төвийн тамирчин Б.Мөнхбаяр 0.58.03 амжилтаар алтан медаль хүртэж дэд мастерын болзол хангасан юм. Мөн Орхон аймгийн Хангарьд клубын тамирчин Г.Занданбал өврөөр даллах сэлэлтийн төрөлд 100 метрийн зайд мөнгөн медаль хүртэж дэд мастер, охидуудаас Хангарьд спорт клубын тамирчин А.Номин араар даллах сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж 1.14.93 амжилтаар дэд мастерын болзол тус тус хангалаа. Өсвөр үе, идэрчүүдийн 2012 оны усан спортын УАШТ-д 6 клубын 120 орчим 9-11, 12-14, 15-17 гэсэн гурван насны ангилалд тамирчид хурд хүч ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг МУССХ-ны 22 шүүгч шүүн ажилласан юм.
Мөн энэ холбооноос насанд хүрэгчдийн 2012 оны УАШТ-ийг Орхон аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгвэл энэ сарын 9-ний өдөр Сингапур улсад явагдах усан спортын үндэсний АШТ-д оролцуулахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээх ажээ. Мөн "Лондон-2012" зуны ХХХ олимпод хоёр тамирчин цагаан хуудсаар оролцохоор Орхон аймгийн усан спорт сургалтын төвд бэлтгэл сургуулилтаа базааж байна. Багийн дүнгээр
1-р байр: Орхон аймгийн "Хангарьд" спорт клуб 38 алт, 28 мөнгө, 28 хүрэл
2-р байр: Усан спорт сургалтын төв 29 алт, 33 мөнгө, 29 хүрэл
3-р байр: MCS Виста 5 алт, 8 мөнгө, 8 хүрэл медальтайгаар тус тус эхний 3 байр эзэллээ. Мөн тэмцээний үеэр МУССХ-ноос Усан спорт сургалтын төвийн захирал Ё.Ганбатад дурсгалын зүйл гардуулан өглөө.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ