
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад энэ сарын 11-15-нд албан ёсны айлчлал хийх юм байна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодатай хэлэлцээ хийх аж. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхан Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэнба болон Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд Токио хотноо зохиогдох Монгол, Японы бизнес семинарт оролцож үг хэлэх аж.
Ерөнхий сайд С.Батболд Японы зүүн бүсэд болсон байгалийн гамшгаас хойш нэг жил өнгөрч буйтай холбогдуулан энэ сарын 11-ний өдөр Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд оролцох юм байна.
Түүнчлэн Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ёслол оролцох бөгөөд Япон Улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ