Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж байна

img

 “Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах арга зам” сэдэвт сургалтыг ”Эдельвайз” зочид буудлын хурлын танхимд боллоо. “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх баг, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нэмүүлэн “өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран уг сургалтыг зохион байгууллаа.   Семинарын үеэр “Эрүүл мэндийн даатгалын хууль, эрхзүйн орчин” сэдвээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төслийн мэргэжилтэн Б.Ганбат, “Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамруулах туршилтын загвар” сэдвээр Баянзүрх дүүргийн 23-р хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Чанцалмаа, “Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг хамруулах загвар төслийн судалгааны тайлан” сэдвээр мөн өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ц.Наранчимэг нар илтгэл тавив.   Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг хамруулах загвар төслийн судалгааны тайлангаас харахад эмзэг бүлгийн иргэдийн ЭМД-д хамрагдахгүй байгаа гол шалтгаан нь иргэдийн санхүүгийн боломж хомс, ажилгүйдэл, ажил олгогч нараас даатгалын шимтгэлийг төлдөггүй болон иргэний бичиг баримтгүй, бүртгэлгүй байдгаас шалтгаалдаг байна.   Төсөлд Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хорооны эмзэг бүлгийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хамрагдаж байгаагаараа онцлог аж..Төслийн хэрэгжилтийн үр дүнд ЭМД-д хамрагдаагүй байсан Сонгинохайрхан дүүргийн дөрвөн хорооны эмзэг бүлгийн нийт иргэдийн 80 хувийг ЭМД-ын хамралтыг баталгаажуулж, даатгалд хамрагдах юм.   Семинарын явцад Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах туршилтын загвар төслөөс дэвшүүлж буй санал зөвлөмжүүдийг хэлэлцэн, эмзэг бүлгийн иргэдийг даатгалд хамруулахад хороо, өрхийн эмнэлгийнхний оролцоо чухал буйг тодорхойлж, 21 хоногийн бүтээлч ажлын аянг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ