
Дуучин С.Жавхлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, өндөр настай ээжүүдийг сонгож тус бүр нэг сая төгрөг тараахаар болжээ. Тэрбээр энэ сарын 7,8-нд UB Palace-ийн концертийн их танхимд “Галаа манасан монгол бүсгүй” нэртэй тоглолтоо үзэгч фенүүддээ толилуулах тоглолтын орлогоо ийнхүү ээжүүдэд хандивлах гэнэ. Тоглолтод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Л.Болдбаатар, СТА н.Амаржаргал, Ноён Бондгор зэрэг дуучид оролцоно. Тасалбарын үнэ 25 мянган төгрөг, “Гал дуудсан монгол аялгуу” нэртэй шинэхэн цомог нь дагалдах юм. Тэрээр энэ удаагийн тоглолтын орлогоо ээжүүдэд өгөх болсон нь “Төр засаг өгөх боломжгүй байж болох ч хувь хүмүүс санаачлагаараа ээжүүддээ, ахмад буурлууддаа сая төгрөг өгөх боломжтой юм байна гэж харуулахыг хүссэн. Энэ маань нэг талаараа уриалга гэж ойлгож ч болно” хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
-2008 оноос хойш тоглолт хийгээгүй. Энэ хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, улс төрөөр оролдов уу?
-Томоохон тоглолт гэдэг утгаараа дөрвөн жилийн дараа хийж байгаа анхных нь. Гэхдээ энэ хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөгүй хөдөө орон нутгаар түмэн олныхоо галыг бадраах ёслол үйлдлээ. Гадаадад байгаа монголчууддаа ая дуугаа хүргэж, тэднийхээ эх орноо гэсэн сэтгэлийг, галаа тахих ёслолыг үйлдсэн. Улстөржсөн гэдгээсээ илүүтэй улс орныхоо төлөө санаа тависан гэж болно.
-Тоглолтын орлогоо ээжүүдэд хэрхэн тараах вэ?
-Тоглолтын дараа буюу 9-ны өдөр дахин хэвлэлийн хурал зарлаж, ээжүүдэд сая төгрөгөө хандивлана. Үнэхээр авах ёстой хүнд нь өгөхийг зорьж байгаа. Төр өгөх гээд чадахгүй байгаа бол би өгье. Хувь хүмүүс өөрсдийн орлогоосоо төрийн өгч чадахгүй байгаа нэг сая төгрөгийг хувиасаа өгчихөж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Тэгээд ч энэ нь хүмүүсийг уриалж буй алхам юм даа.
-Тоглолтынхоо орлогыг гэр бүлдээ зарцуулахгүй гэж үү?
-Бид хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч болоод байна. Тиймээс нэг их ашиг хөөцөлдөх гэсэнгүй.
-Эхнэр тань таны тоглолтод оролцох болов уу?
-Үгүй. Мартын 8-ны өдөр үзэгчдийн суудалд хүндтэй байр эзлэх сууна.
-Та ёс заншлаа дээдэлж, хүндэлдэг гэдгээрээ бахархдаг. Шинийн 1-ний өглөө нар харах ёслолыг үйлдэв үү?
-Нар харах ёслолыг үйлдсэн. Гэхдээ би хүмүүс шиг өглөөний уулын цаанаас гарч ирсэн өлөн наранд ёсолдоггүй. Харин Шинийн 1-ны морин цагийн бяртай наранд залбирч, ёслол үйлдсэн.
-Таны уран бүтээлүүд сүүлийн жилүүдэд улс төрийн өнгө аястай болжээ.
-Улс төрийн гэж шууд ойлгож болохгүй. Улс эх орон, байгаль орчин, хүмүүсийн амьдралтай холбоотой уран бүтээлүүд минь улс төрөөс ангид байх боломжгүй.
-Та ирэх сонгуульд оролцох уу?
-Тэр асуудал өнөөдөртөө нууц. Сонгуульд оролцох эсэхээ ирэх 9-нд болох хэвлэлийн бага хурал дээр хэлнэ.
-Улс төрд заавал орох хэрэгтэй гэж үү?
-Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр гэж хэлэх нэг нь байгаа л байх. Гэхдээ Далайд дусал нэмэр гэгчээр миний оролцоо байгаа. 2008 оноос хойш улс төрд ороогүй ч улс эх орныхоо төлөө, ёс заншилийнхаа төлөө хийсэн зүйл нилээдгүй байна. Монголчууд монгол дээлээ өмсдөг болж байна. Энэнд миний хувь нэмэр ч бий.
-Сонгуульд нэр дэвшээд УИХ-д орчихвол уран бүтээлээ орхих уу?
-Энэ дуу хоолой минь гарч байгаа цагт уран бүтээлээ хийж л таараа.
-Та сайхан хоолойтой, сайн уран бүтээлч гэдгээрээ үлдэж болохгүй юу?
-Төрийнхөө дууллыг солгой хоолойгоор дуулдаг 76 гишүүд дунд нэг ч гэсэн зөв дуулдаг хүн байх хэрэгтэй ш дээ. Тэгээд ч улс төрөөс ангид байж, айж хулчийхгүй. Улстөр бол өр сэтгэлээ түмнийхээ төлөө, ёс заншилаа дээдэлж, улс орноо гэсэн сэтгэлтэй хүний хийх ажил. Харин манайд бол мөнгөтэй, олон дипломтой, гадаад хэлээр ярьдаг, гадныханы гар хөл бологчдыг улстөрч гэж ойлгож байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ