Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллав

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Баясгалан хэмээн усан луу жилийн орон нутаг дахь албан томилолтоо наран ургах зүг, Сүхбаатар аймгаар үргэлжлүүллээ. Өнгөрсөн өвөл өнтэй сайхан болж, ард иргэдийн сэтгэл тэнүүн, аж амьдрал нь өнгөлөг байгаа нь очсон газар орны иргэдийн ахуй амьдрал хэлж ярьж байгаа үгнээс харагдаж байна. Энэ жил тус аймгийн 70 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд түүхэндээ анх удаа хамгийн их буюу нэг сая наян мянган мал тоолуулжээ. Сүхбаатар аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. Зөвхөн энэ салбараас 2011 онд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн үзүүлэлтээр луу жилээ угтжээ. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухай аймгийн удирдлагууд хэлж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн хүн ам өсч ард иргэдийн амьжиргаа харьцангуй дээшилсэн үзүүлэлт гарчээ. Засгийн газрын тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд тус аймагт хоёр ч удаа ажиллаж, Сүхбаатарчуудын өмнө тулгамдсан томоохон асуудлыг бодитой шийдвэрлэж байгаад иргэд ам сайтай байна. Баруун-Урт болон Дарьганга суманд хийсэн уулзалтын үеэр иргэд унаган нутгийн хүү, Монгол Улсын Ерөнхий сайд таныг нутгийн иргэд чинь дэмжиж, уул ус тань үргэж ивээж байгаа шүү хэмээж байлаа. Ерөнхий сайд энэ удаад Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсч, тодорхой хариулт өглөө. Хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17.3 орчим хувьд хүрч, Хөгжлийн банкны ажлыг эхлүүлж, шинэ төмөр зам, аж үйлдвэрийн цогцолборууд, бүх аймгийг нийслэлийг холбосон  авто замын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Тухайлбал Сүхбаатар аймгийг Улаанбаатартай холбох авто замын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэснээ Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгалаа. Түүнчлэн Засгийн газар “100000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бодлогын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох боломжийг  бүрдүүлснээ Ерөнхий сайд С.Батболд хэлсэн нь иргэдийн хүсэн хүлээсэн хариулт байлаа. Энэ хөтөлбөрийн тодорхой хувь Сүхбаатар аймагт хэрэгжинэ. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг баталж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй бүх суманд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах, мал сүргийг 3 жил дараалан үнэ төлбөргүй тарилга, туулга, угаалгад хамруулах “Таван-Эрдэнэ” арга хэмжээг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Малчин хүнийг мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч мэргэжлийн үнэмлэх олгох, Хөдөө аж ахуйн бирж байгуулах бэлтгэлээ хангасан гээд хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн томоохон ажлуудыг малчид ихээхэн сайшааж байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Засгийн газраас дэмжих бодлого барьж  байгааг ч ерөнхий сайд хэлсэн. Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оныг дуустал чөлөөлнө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая  байсныг 500 сая төгрөгт хүргэж, зээлийн хугацаа 3 жил байсныг 5 жил,  хүүг жилийн 12 хувьтай байсныг долоон хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болгоод байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд мэдээллээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рро:
Нөгөө сонгуулийн хууль хаана байна.Дарга нар тууз хайчлахгүй гээд байсан яасан.Шилийн богд дээр гарч тангараг өргөх гэж байгаа бол бараг наад овоо чинь чамд тангараг өргөхөөр байгааг мэддэггүй юм уу?Чи бол монголын хамгийн том хулгайч.Шилийн овоо бол чамд багадна.Эсвэл дэлхийд ганцхан байдаг хулгайчийн хөшөөнд мөргөх гээ юу?Торой Банди бол зүгээр адуунд дуртай хүн байсан юм.Яахав манжийн сүрэгт газар газраас ирсэн сайхан адуу байсанг туугаад төв халх түүнээс цаашаа хөөдөг зүгээр л 1 сайн эр.Харин чи бол 90 онд улсын барьсан буудлыг 1 өрөө байрны үнэ өгөлгүй авсан,монголын баялагийг авахын тулд газар нутгаа харийнханд зарсан,албан тушаал худалдан авсан Том Гарын хулгайч.Юун Торой Банди Тогос Чүлтэм тэд чиний хажууд бол зүгээр 1 малчин
2012-03-05