Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаанууд Женевт болов

img

Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 19 дүгээр чуулганы хүрээнд өнгөрсөн долоо хоногт Женев хотноо болсон «Интернэт Эрх чөлөө» сэдэвт тусгай хуралд оролцжээ. Мөн Японы Гадаад хэргийн яамны Хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Кожи Абэ-тэй зөвлөлдөх уулзалт хийж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн  хүрээнд хамтран ажиллах асуудлууд, сэдвийн талаар санал солилцсон байна.   Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн III хуралдаан энэ  сарын 1-нд Женев хотноо боллоо. Хуралдаанаар Гүйцэтгэх хорооны мандат, дотоод журмын төсөл, Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард хуралдах Удирдах Зөвлөлийн IV хуралдааны бэлтгэл зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.   Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал Удирдах Зөвлөлийн даргын хувьд тус хуралдааныг даргалан, АОХН-ийн дарга орон Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн явц байдлын талаар мэдээлэл хийсэн байна.   Хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх салбарын Ерөнхий захирал К.Ж. Токаев, Польшийн Гадаад хэргийн дэд сайд Гражина Британович, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Эштер  Бриммер, АОХН-ийн Парламөнтын Форумын Ерөнхийлөгч Э.Зингерс, АОХН-ийн Удирдах Зөвлөлийн 25 гишүүн орны ГХЯ-ны газрын дарга нар, Женев дэх элчин сайд нар оролцож, Женевт АОХН-ийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа Монгол Улсын санаачилга, зүтгэл чармайлтад талархал илэрхийлжээ.   Элчин сайд С. Бадрал мөн өдөр НҮБ-ын хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хуралд оролцож, АОХН-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийжээ. Дээрх арга хэмжээнүүдэд Монгол Улсаас Женевт суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л. Оргил, Польш Улсад суугаа Элчин сайд О. Дамбийням нар мөн оролцсон байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ