Тэнгэрийн амьтны ид хавыг гайхуулж баярлав
“Өвлийн наадам-2012”-ын хүрээнд зохион байгуулсан "Бүргэдийн баяр" өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо. Тус наадамд эзнийхээ дуугаар хамгийн түрүүнд олж очсон, үнэгний арьсыг хурдан шаламгай шүүрсэн, амьд туулайг сурамгай агнасан бүргэдийг тус бүрт нь шалгаруулсан юм. Мөн энэ үеэр казах үндэстний уламжлалт наадаан болох тулам булаалдах тэмцээн зохиолоо. Улсын хэмжээнд тав дахь жилдээ зохиож буй энэхүү баярт Баян-Өлгий аймгаас шилдгээр шалгарсан 20 бүргэдчин оролцов. Тэдний дунд хамгийн ахмад нь буюу 55 жил бүргэд сургасан 82 настай Э.Баяты байв. Тэрбээр “Бүргэдээр ан хийлгэх уламжлал 2000 жилийн түүхтэй. Манай удам долоон үеэрээ бүргэд сургасан. Энэ уламжлалыг цаашид үргэлжүүлж, залуу халаагаа бэлдэхийн тулд нас өндөр гэлгүй холоос зорьж ирлээ” хэмээн ярив. Тэмцээн зохион байгуулж буй талбай руу үзэгчдийг оруулахгүйн тулд цагдаагийн ажилтнууд хамгаалалтдаа авсан байлаа. Учир нь өнгөрсөн жилийн баярын үеэр тод хувцастай хүн рүү бүргэд дайрсан тохиолдол гарсан учраас ийнхүү аюулгүй байдлыг хангаж байгаа гэнэ. Түүнчлэн үнэг, чоно зэрэг том амьтан агнуулдаг байсан бол энэ жил туулай бариулдаг болсон нь өнгөрсөн онд Амьтан хамгаалах нийгэмлэгийнхний эсэргүүцсэнтэй холбоотой аж. Иргэн Б.Цэрэнжав “Би энэ тэмцээнийг жил бүр ирж үздэг. Эр хүний хийморь сэргээсэн сайхан наадам шүү дээ. Тэр дундаа казахын ард түмний зан заншил хувцас хэрэглэл, ан хийх уламжлалаас эхлээд олон соёл энэ баяраар дамжуулж олон нийтэд сурталчилдагаараа онцлоготой” гэв. Ийнхүү казахын ард түмэн тэнгэрийн амьтны ид хавыг бүтэн өдрийн турш харуулж, цугласан олны мэлмийг баясгалаа.


Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ