Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн цуврал хуралдаан эхлэв

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын салбар зөвлөл Азийн хөгжлийн банк, Сангийн яамтай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол Улс ба Азийн хөгжлийн банкны түншлэл: Эрүүл, аз жаргалтай, эв найрамдалтай Монголыг бий болгох арга зам” сэдэвт өндөр хэмжээний чуулган Тэрэлжид аравдугаар сарын 10-нд зохион байгууллаа. Тус чуулганаар “Эдийн засгийн хөгжлийг бусад салбарын хөгжилтэй уялдуулах нь”, “Тэнцвэртэй бөгөөд байгаль орчны тогтвортой хөгжлийн баталгаа” сэдвээр салбар хуралдаан хийж, дараа нь нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулав. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хүрэлцэн ирсэн Нобелийн шагналт Энэтхэгийн эрдэмтэн Р.К.Пачаури оролцон “Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавьсан юм. Дээрх чуулганы үргэлжлэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын салбар зөвлөлөөс 2011 оны 10 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд МУИС-ийн лекцийн дугуй танхимд цуврал хуралдаан олон нийтийн дунд зохион байгуулж байна. 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан анхны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Одхүү “Эдийн засгийн хөгжлийн бүс” сэдэвт илтгэл танилцууллаа. Уг илтгэлд эдийн засгийн баримт бичгүүдэд төдийлөн тусгагдаад байдаггүй бүсчилсэн хөгжлийн үндсэн стратеги, бүс нутгийн ерөнхий хуваарь, хөгжлийн үндсэн зарчмуудын тухай дурдсан байна. Эдийн засаг, ашигт малтмал, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэржилтийн  хэтийн төлөвтэй уялдуулсан дүгнэлт хийж, дан ганц уламжлалт мал аж ахуй, хөдөө аж аж ахуйн онцлогт суурилсан бүсийг тогтоожээ. 21 дүгээр зууны Монгол Улс уламжлалт мал аж ахуйгаас гадна Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх бүсийн хөгжлийн бодлого дутагдаж байгааг судалгааны үндсэн дээр тодорхойлсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл дээр тавигдсан илтгэлүүдээс УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн боловсруулсан “Эдийн засгийн хөгжлийн бүс” илтгэлийг шилдэг илтгэлээр шалгаруулж батламж гардуулав. Үүний дараа АХБ-ны ерөнхийлөгч Харухико Курода монголчуудад зориулан “Монголын эдийн засаг” сэдвээр  лекц уншив.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ