Захиргааны шүүх 891 хэргийг шийдвэрлэжээ
Захиргааны хэргийн шүүхүүд 2011 онд 1556 нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 403 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж, 891 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 140 хэргээр буюу 13,6 хувиар буурчээ. Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Нийслэл, Ховд, Дорноговь, Увс аймагт 0,2-45,5 хувиар нэмэгдэж, Орхон, Архангай, Дархан-Уул, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Дорнод, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Завхан аймагт 2,6-91,7 хувиар буурчээ. Харин Өмнөговь аймаг өмнөх оны мөн үетэй адил байна. Хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр авч үзвэл газрын маргаан 228, Төрийн албаны тухай хуулиар 139, ашигт малтмалтай холбоотой маргаан 86, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 83, татварын маргаан 76, тендерийн маргаан 38, сонгуультай холбоотой маргаан 10, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 11, бусад маргаан 220 байгаа аж. Давж заалдах шатны журмаар захиргааны 551 хэрэг хүлээн авч, 492 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 8 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ. Үүнээс шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 388 хэрэг хүлээн авч, 353 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 5 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэсэн аж. Хяналтын шатны шүүх 331 хэрэг хүлээн авснаас 240 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 70 хэргийг хянан хариу өгчээ. Хянан хэлэлцсэн 240 хэргээс 12 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ