
Франц улсын жүдо бөхийн шигшээ багийн эрэгтэй 12 тамирчин өнгөрсөн 2-р сарын 29-ний өдөр манай улсад ирсэн билэ. Тэд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай 3-р сарын 10-ны өдрийг хүртэл 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм.
Тэгвэл маргааш хоёр улсын жүдочид халз барилдана. Барилдаан спортын төв ордны А танхимд 16.00 цагт эхэлнэ. Хоёр орны жүдочид өглөө 10:00, үдээс хойш 16:00 цагуудад өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байгаа юм.
Ингээд Дэлхийн таван удаагийн аварга
Тедди Риньетэй бэлтгэлийн дундуур цөөн хором ярилцлаа. Тэрбээр Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн 5 удаагийн аварга , +100 кг-ийн жингийн өнөө цагийн шилдэг жүдоч юм.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Монголд өмнө нь ирж байсан уу?
-Анх удаа Монголд ирж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголчууд их сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Биднийг их сайхнаар угтан хүндлэн хүлээж авсан.
-Хамт бэлтгэл хийж байгаа Монголын тамирчдын тухайд та юу гэж хэлэх вэ?
-Ер нь Монголын жүдочдын дунд хамгийн том тамирчин нь буюу Олимпийн аварга Түвшинбаяр байна. Мөн тэдний дунд сайн сайн тамирчид их байна. Монголын жүдочид их хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж боддог.
-Манай монголчууд та бүхнийг их дотно хүлээж авсан гэсэн?
-Тиймээ. Үнэн. Монголчууд их сайхан, халуун дотно хүлээж авсан. Үүнд маш их баяртай байна.
-Хамтарсан бэлтгэлийн тухайд юу гэж бодож байгаа вэ?
-Энэ бэлтгэлийн тухайд гэвэл их ач холбогдолтой. Ерөнхийдөө олимпийн бэлтгэл гэж ойлгож болно. Бид 2-р сарын 29-ний өдөр Монголд ирсэн. Тэгээд 3-р сарын 01-ний өдрөөс бэлтгэлээ хийж байна. Өглөө, үдээс хойш гээд өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байгаа.
-Олимпийн дэвжээнд өөрийн тань хувьд хүчтэй олон өрсөлдөгч байгаа. Тэр дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хэнийг гэж бодож байна вэ?
-Ерөнхийдөө тэр хүн гол өрсөлдөгч гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр миний хувьд бүгд гол өрсөлдөгчид байдаг . Бүгдээрээ маш сайн бэлтгэл хийж байгаа. Тийм болохоор бүгдээрээ миний гол өрсөлдөгч юм.
-Монгол орныг юу гэж төсөөлж байв? Өмнө нь Монголын талаар хэр мэддэг байсан бэ?
-Ер нь Монголын талаар бага төсөөлөлтэй байсан. Уолт Диснейгийн хүүхэлдэйн киногоор Монголыг төсөөлж байлаа./Инээв/ Тэгээд ирэхэд маш сайхан байгаль бид нарыг угтсан.
-Лондонгийн олимпоос өмнө ямар тэмцээнүүдэд оролцох вэ?
-Нэг их тэмцээн байхгүй. Гэхдээ олимпоос өмнө нэг том тэмцээн байгаа. Тэр тэмцээн 4-р сарын сүүлээр болно. Ерөнхийдөө шалгуур нэлээд өндөртэй учраас олимпоос дутахааргүй тийм өрсөлдөөн ихтэй тэмцээн болох байх. Мөн 6-р сард манай багийн зарим тамирчид жүдо бөхийн ДАШТ-д оролцоно. Гэхдээ энэ тэмцээнүүдэд хэн хэн оролцохыг би сайн мэдэхгүй байна. Үүнийг багийн дасгалжуулагч шийдэх байх. Миний хувьд ч мөн адил. Намайг энэ тэмцээнүүдэд оролцох эсэхийг багийн дасгалжуулагч маань шийднэ.
-Сүүлд Парист болсон Их дуулга дээр Бээжингийн олимпод өрсөлдсөн Узбекистаны тамирчин Абдулло Тангриевтай учраа таарч барилдсан. Тэгээд түүнийг ялсны дараа олимпийн үед мөнгөн медалийн төлөө барилдаж ялагдсан тэр үеийн хариугаа авч чадсан уу? /Тэрээр энэ Их дуулгаас алтан медаль авсан юм/ Ер нь сүүлийн үед оролцсон тэмцээнийхээ талаар?
-Хамгийн сүүлийн тэмцээн Парист болсон. Тэр тэмцээнд Бээжингийн олимпод хамт барилдсан өрсөлдөгчтэйгээ таарч барилдсан. Азаар тэрэнтэй таарсан. Яагаад гэхээр түүний яаж барилддаг арга барилыг нь мэддэг учраас би ялсан.
-Маргааш Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хийх халз барилдааны тухай юу гэж хэлмээр байна?
-Маргааш болох халз барилдаан их сонирхолтой болох байх. Бид ирээд нэлээд хэд хоног Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлээ. Энэ халз барилдаан нэг талаасаа өрсөлдөөн ч гэсэн, нөгөө талаасаа нөхөрсөг барилдаан гэж би бодож байна.
-Цаг гарган бидэнтэй цөөнч гэсэн хэдэн хором яридцсан таньд баярлалаа. Таны цаашдын тэмцээн уралдаан тэр дундаа Олимпод өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Монгол их сайхан нутаг юм. Мөн хүмүүс нь ч тэр их сайхан сэтгэлтэй. Миний хувьд сэтгэл маш өндөр байна. Өндөр сэтгэгдэлтэйгээр Монголд ирээд буцахнээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ