Хотын төв дэх "сүнстэй" байшин
Офицеруудын ордны “Алдар” нийгэмлэгийн хажууд буюу хотын төвд шахуу байрлах нэгэн эзэнгүй байшин манай сурвалжлах багийн анхаарлыг татсан юм. Офицеруудын ордон хавиар ажиллаж, амьдардаг олны амнаас тус хоёр давхар байшинг хүмүүс “Сүнстэй байшин” гэж ярилцдаг тухай, олон жил хүмүүс амьдраагүй, хэрэглэдэггүй зэргийг олж сонслоо. Улмаар хоёр давхар байрны ард орших нэгэн гэрийн эзэнтэй уулзсанаар уг “Сүнстэй байшин” нь соц нийгмийн үеийн алдарт “Сайд нарын” гэх тодотголтой “10-р дэлгүүр”-ийн байр болохыг мэдсэн юм. Ардчиллын салхи салхилж эхэлсэн тэртээх 20-иод жилийн өмнө хүмүүсийг хамгийн их бухимдуулж байсан газруудын нэг нь яах аргагүй “Сайд нарын дэлгүүр”. Талбай дээр хүмүүс Сайд нарын эмнэлэг, сайд нарын дэлгүүр, тусгай хангамжийг устгая хэмээн жагсаж байсан түүх бий. Зөвлөлтөөс ирдэг хамгийн үнэтэй чамин, ховор бараанууд энэ дэлгүүрт худалдаалагдаж, сайд дарга нарын эхнэр хүүхэд энэ дэлгүүрийн үүдэнд дугаарлаж байсан цаг түүх болжээ. Тэгвэл түүхийн нэгэн гэрч болсон уг дэлгүүрийн байшин хориод жил хэн нэгэн гар хүрэлгүй өдийг хүрсэн бөгөөд өдгөө Монголросцветмет нэгдлийн өмч гэнэ. Ирэх жилээс уг байрыг буулгаж оронд нь орчин үеийн барилга барих аж. Хотын төвд шахам орших нэгэн сүнстэй байшин түүхийн томоохон гэрч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ