
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх таван асуудлынхаа эхнийх болох Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа баталлаа. Монгол Улсын шүүхийн тухай хууль 71,1 хувиар батлагдсан бол Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл 80,4 хувиар дэмжигдсэн. Түүнчлэн Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 78,3 хувиар дэмжигдлээ. Харин Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 37 гишүүн дэмжиж, 77,1 хувиар батлагдсан юм.
Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн бөгөөд энэ үеэр асуулт хариулт мөн л байгаагүй болно.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын зарим томъёоллыг уншиж сонсгоод энэ талаар нэгбүрчлэн санал хураалт явуулахаар болсон юм. Ингээд Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд саналаа хураалгаж, тэдгээр санал бүгд дэмжигдлээ.
Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай энэхүү хуулийн төслийг батлах талаар гишүүдээс санал авахад 82 хувиар уг хуулийг дэмжин, баталсан юм.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүд хэлэлцэж эхлэв. Эдгээр багц хуулийн төслийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, нэгдсэн чуулган эцсийн хэлэлцүүлгийг хийж буй билээ.
Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ламбаа, саналын томъёололд байгаа “дийлэнх, олонхи” гэдгийг хэрхэн ойлгох талаар тодруулсан бөгөөд дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хэлсэн засварын дагуу танилцуулан уншиж, санал хураалт явуулахад байнгын хорооны санал 88,2 хувиар дэмжигдсэн.
Ингээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүд 90,2 хувиар баталсан юм. Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг дээр дурдагдсан багц хуулиудаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд нэг бүрчлэн санал хураалгаж, бүгд дэмжигдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ