“Эрүүл хүүхэд” аяны талаар санал солилцов

img

Эрүүл мэндийн салбарынхан энэ жилийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгон зарласан. Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарт хийж бүтээх есөн зорилт бүхий, тус бүр есөн багц, нийт 81 бүтээлч ажлын хүрээнд “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аян зохион явуулахаар бэлтгэл ажлаа эхэлжээ.   Аяны нээлтийг орон даяар хийж, эхний шатыг энэ оны 3-6 дугаар сард явуулах тухай Эрүүл мэндийн сайдын 67 тоот тушаал гарч, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.   Ажлын хэсгийн орлогч дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Түмэндэмбэрэл эрүүл мэндийн салбарт хамтран ажиллагч донор байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, аяны үзэл санаа, зорилго, зорилтууд тулгарч байгаа асуудлууд, зохион явуулах бэлтгэлийг хангах Ажлын албаны боловсруулсан төлөвлөгөөг тэдэнд танилцуулан санал солилцжээ.   Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, ДОХ, сүрьеэтэй тэмцэх Глобал сан, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-3,4 төслийн төлөөллүүд оролцсон байна. Донор байгууллагуудын төлөөлөл "Эрүүл хүүхэд" аяны талаархи товч мэдээллийг сонссоны дараа аяныг амжилттай зохион явуулахад хэрхэн хамтран ажиллах талаар  санал зөвлөгөө өгч,  аяны төлөвлөгөөг боловсруулах шатнаас эхлэн цаашид тогтвортой үйл ажиллагаа болгох талаар техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ямар боломжууд байгааг судлахаар болсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ