
"Apple" корпорацийн гурав дахь үеийн таблет нээлтээ хийлээ. Хамгийн сүүлийн үеийн хүчтэй санах ой, камер, LTE сүлжээг дэмждэг зэргээрээ технологийн цоо шинэ түвшинд хүрсэн хувилбар тооцогдож байгаа юм. LTE сүлжээг дэмжинэ гэдэг ньманай гаригийн хаана ч цаг хугацаа, үйлдлийн системнээс хамаарахгүйгээр онлайн байх нөхцөлтэй гэсэн үг юм.
Сан Франциско хотноо Apple-ийн CEO Тим Кук энэхүү шинэ загвараа танилцуулсан бөгөөд бүтээгдэхүүнийг "I Pad 3" биш зүгээр л "New iPad" хэмээн нэрлэхээр болжээ.

Хазсан алимны цоо шинэ сюрприз өмнөх хувилбараасаа 10 дахин илүү боломж агуулсан гэвэл ямар гайхамшигтай бүтээл болохыг та мэдэх болно. Retina хэмээх дэлгэцний нягтралшил нь 2048х1536 пиксель бөгөөд өмнөх загваруудаасаа бараг дөрөв дахин их нягтралтай гэсэн үг юм.
Иймээс дүрсийг маш өндөр үзүүлэлтээр харах боломжтой юм.
Та бүхэн доорхи зурагнаас iPad 2 дээрх текст "iPad HD" дээр ямархуу байдлаар харагдахыг харж болно.

HD хэмээн нэрлэсэн нь ч ийм учиртай гэнэ. Өнөөдрийг хүртэл Apple-ийнхан бүтээгдэхүүнийхээ талаар маш их нууцлаж байсан ба гол нууц нь түүний дэлгэц байсан гэж хэлж болно.
Шинэ таблет үнийн 499 ам.доллар буюу харьцангуй хямдханаар борлуулагдах аж. Apple шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд өртөг багатай нийлүүлж байгаа учраас одоо хэрэглэгчдийн гар дээрх болон лангуунд байгаа таблетны үнэ цаашид улам буурах магадлалтай. Apple компанийн "iPad" нь дэлхийн таблетын зах зээлийн 60 хувийг дангаараа эзэлдэг байна.
Өнөөдөр нээлтээ хийж байгаа HD таблет нь дэлхий дээрх хамгийн ухаалаг үйлдлийн систем буюу iOS5.1-тэй.

Батерей нь цэнэгээ 10 цаг барих чадвартай. 3.1 сая дүрсний цэгтэй учир Retina дэлгэц нь бүрэн хэмжээний High Definition телевизорын дүрсний цэгээс 1 саяар илүү юм. Тиймээс 5 мегапикселийн iSight камер нь гэрэл зургийг жинхэнэ утгаар нь татах ба Retina дэлгэц нь таны зургийг бодит юм шиг л харагдуулна.


Мөн энэхүү таблетны бас нэг давуу тал нь өнгөрсөн намар нээлтээ хийсэн iPhone 4S гар утас дээрхтэй адил дуу авиагаар команд өгөх боломжтой. Нэг ёсондоо Siri гэсэн үг.
Загварын хувьд өмнөхтэйгөө ижил буюу 9.4 мм зузаантай, 662 грамм жинтэй. Хар, цагаан 2 өнгөний сонголттой ба Wi Fi болон Wi FI+4G модельтойгоор АНУ, Европ, Японд гуравдугаар сарын 16-наас борлуулагдаж эхэлнэ.

iPad нь бүх цаг үеийн туршид хамгийн богино хугацаанд хамгийн олон хувь борлогдсон цахим төхөөрөмжөөр шалгарч байсан юм. Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд л гэхэд дэлхий даяар 15,4 сая борлогдож бүх персонал компьютер төрлийн бүтээгдэхүүнүүдийг тэргүүлсэн. Одоо гарах гуравдахь үеийн таблет ч зах зээлд асар их хүлээлт үүсгээд байгаа, мөн үнэ харьцангуй хямд учир борлуулалт өндөртэй байх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ