
МСХБ-ны Пэпси Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр Буянт Ухаа спортын ордонд явагдлаа. Эхний тойрогт ялагдал хүлээсэн багууд хариугаа авсан орой байлаа.
Эхний тоглолт аваргаа хамгаалагч Харцага болон Баянзүрх Бүллс багуудын хооронд өрнөсөн. Өмнөх тойрогт Харцага илт илүүрхэн хожиж байсан боловч тухайн үед дасгалжуулагч Цэвэрбал биеийн байдлаас улмаас багаа удирдаж чадаагүй билээ. Харин энэ удаад тэрээр багаа удирдаж байсан юм. Харцага багийн Донелл Магий өмнөх тоглолтонд мөрөндөө гэмтэл авч талбайд гараагүй бол Бүллс багийн төвийн тоглогч Сайнбаяр хувийн хүндэтгэх шалтгаанаар багийнхаа бүрэлдэхүүнд байсангүй. Ингээд түүнийг эзгүйд Мэргэн хүчний довтлогчоор гараанд гарч сайн тоглолтыг үзүүлэн дабл дабл хийжээ. Харин бүх тоглогчдын Дин Хэдли оноогоор тэргүүлж улмаар үндсэн цагт Баянзүрх Бүллс баг 85-70 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Хэдийгээр Павлович Одбаяр нар өөрсдийн үүргээ самбарт, довтолгоонд сайн гүйцэтгэж байсан ч бусад тоглогчид нь тус болсонгүй ийнхүү Харцага дөрөвдэх хожигдлоо хүлээлээ. Дараагийн тоглолт мөн сонирхолтой болсон. ШШГЕГ-ийн харъяа Сүлд спорт хорооны “Офицер” баг TLG 13-тай тоглосон. Энэ тоглолтонд Офицерын холбогч М.Бадрах торгуулийн улмаас оролцоогүй бол довтлогч Күйнтин Паттин гэмтлийн улмаас талбайд гараагүй байна. Мөн эхний тойрогт TLG илүүрхэж байсан бөгөөд Офицерын хувьд хүнд учраа гэж үзэгчид таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Роберт Пэрри, Лекстер Фергюсон нар хамгаалалт болон довтолгоон дээр багаа тэргүүлснээр үндсэн цагт 86-64 харьцаатайгаар буюу 22 онооны зөрүүтэйгээр Офицерууд ялалт байгуулж тавдахь хожлоо авчээ. Тэд 5 хожил 4 хожигдолтойгоор плэйоффын байрлалаа хадгалж үлдлээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ