“Гэгээн муза”-д нэр дэвшигчдийг зарлана

img

Улсын драмын эрдмийн театр нь жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу Олон Улсын театрын өдөр “Гэгээн муза” наадмыг зохион байгуулдаг.  Ес дэхь жилдээ зохиогдож буй уг наадамд энэ жил драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд  11 шинэ уран бүтээл өрсөлдөх ажээ. Наадмыг зохион байгуулах ажил хоёр үе шаттайгаар явагддаг бөгөөд  нэгдүгээр үе шат зохион байгуулагдаад дууссан гэнэ. Энэ жилийн хувьд “Гэгээн муза”-д нэр дэвшиж буй жүжгүүдийн ихэнхийг түүхэн уран бүтээлүүд голлож байгаагаараа онцлог болж байна хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Орон нутгийн театраас дуулалт жүжгийн төрөлд гурван бүтээл оролцож байгаа бөгөөд Дундговь аймгийн хөгжимт драмын театр “Жанжин арслан”, С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн театр “Арван тавны сар”, Говьсүмбэр аймгийн уран бүтээлчид “Боржгон  цэцэн” гэсэн дуулалт жүжгүүдээр оролцохоор болжээ. Хоёр дахь төрөл болох “Хүүхдийн жүжгийн төрөл”-д Дундговь аймгийн театр болон хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өрсөлдөнө. Улсын хүүхэлдэйн театр анх удаа хүүхдийн жүжгээр оролцож байгаа нь энэ юм. Мөн СУИС-ийг төгссөн оюутнууд “Гачуурхан” уран бүтээлийн нэгдэл байгуулж, “Алтантүлхүүр” жүжгээрээ өрсөлдөх гэнэ. Харин гурав дахь төрөл буюу драмын төрөлд таван уран бүтээл нэр дэвшжээ. Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр Б.Лхагвасүрэнгийн “Маргаашгүй хаан” жүжгээр, “Мөрөөдлийн театр” “Миний нууц хүү” жүжгээр, УДЭТ нь “Домогт Ану хатан”, “Оролмаа эх”, “Тэнгэрийн хүү” гэсэн бүтээлүүдээрээ тус тус нэр дэвшээд байна. Нийт гурван төрөл тус бүр дээр шилдэг жүжгийн зохиол, шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн найман номинацид уран бүтээлчид өрсөлдөнө. Өнөөдөр УДЭТ-т 12.00 цагт “Гэгээн муза-2011” наадмын хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр наадмын нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ