
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар иргэн бүрт сар бүр олгож буй 21 мянган төгрөгнөөс банк 350 төгрөгийн шимтгэл авч байгаа асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Тус байнгын хорооноос энэхүү шимтгэлтэй холбоотой асуудлаар байгуулсан ажлын хэсгийнхэн энэ мөнгийг 100 төгрөгт багтаах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан талаараа байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.
Уг дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс “100 төгрөгийн шимтгэл аваад энэ мөнгийг олгох арилжааны банк олдохгүй. Энэ бол боломжгүй зүйл. Учир нь иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг орон даяар тараах төрийн мэдлийн банк одоогоор байхгүй байгаа. Улсаас ийм төрлийн мөнгийг тараахдаа үйлчилгээгээ арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд хүргэдэг. “Хаан” банк нэг удаад мөнгө олгоход орон нутагт 287 төгрөг, Улаанбаатар хотод 624, “Хадгаламж” банк 442 төгрөгөөр нэг удаагийн үйлчилгээ үзүүлсний зардлыг тооцох санал ирүүлж байсан. Тиймээс Сангийн яаман дээр арилжааны 13 банкны төлөөллийг оролцуулан Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг хямд зардал гарган иргэдийн гарт хүргэчих арга механизм хайж үзсэн ч эцсийн дүндээ хоёр банкаар дамжуулахаар болж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулж 350 төгрөгөөр тогтоон, 21 мянган төгрөгөөс нь түүнийг авах шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга өгсөн юм.
Харин түүний энэ тайлбарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат “Үлгэр ярилаа” хэмээн зандарснаар уг хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ