
УИХ-ын чуулганы хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ асуудлыг ярилцахад улсын нууцын зэрэглэлийн асуудал хөндөх болохоор хаалттай хуралдуулъя гэсэн санал гаргалаа.
Гэвч АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хаалттай хуралдах шаардлагагүй. Байнгын хороогоор хаалттай хэлэлцэхэд бүх асуудал нь сониноор гарсан. Тиймээс нээлттэй хэлэлцэе гэлээ. Горимын саналын дагуу санал хураах болоход Ч.Сайханбилэг гишүүн нээлттэй явуулах эсэхээр санал хураах талаар маргаан үүсгэв. Спикер горимын санал гаргаснаа тэгвэл эргүүлж тат хуулийн дагуу явж байна хэмээн бухимдав.
Р.Гончигдорж гишүүн "байнгын хорооны хурлын үеэр онц байдал, дайны байдлын тухай, батлан хамгаалах бодлогын ойлголт асар их зөрүүтэй байна. Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцсэн бүх зүйл олонд хэвлэлээр хүрсэн бол асар хариуцлага алдсан хэрэг боллоо.
Бэлэн байдал, онц байдлын олон ойлголт хэр онц ноцтой болох тухай ялгаатай байна. Энийг нээлттэй хуралдаад олон түмэн ойлголттой болох ёстой. Бид дотроо нууц ярих гэж энд суугаагүй. Энд нууц байхгүй. Нээлттэй ярих ярихдаа их тодорхой ярих ёстой. Хуулийн бодлогод олон түмэн оролцох бололцоог нээж өгч байгаа юм.
Тиймээс маргалзахаа болъё" гэлээ. С.Бямбацогт "Хууль зөрчсөн гэсэндээ горимын санал гараагүй. Хамгийн гол нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал яригдах болохоор хэлж байна. Камер харахаар улс төр яваад байна.
Нээлттэй нь нээлттэй явдаг. Байлдааны бэлэн байдал, тайван цагийн байлдааны байдал гэдэг чинь ялгаатай шүү. Асуудлыг ярих гэж байгаа бол улстөржүүлээд нуухыг нь авах гэж нүдийг нь сохлох вий гэсэндээ хэлж байна" гэв. Горимын саналаар гишүүд үгээ хэлж маргаан нэлээд сунжирах төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ