Канад Улсын стандартын зөвлөлтэй хамтран ажиллана
Стандартчилал, хэмжил зүйн газар, Канад Улсын Стандартчиллын зөвлөлийн хороодын харилцан ойлголцлын 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн санамж бичгийн хүрээнд Канад Улсын Стандартын зөвлөлийн дарга ноён John Walter болон тус зөвлөлийн хөтөлбөрийн менежер, холбогдох албаны төлөөлөл бүхий 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг 2012 оны 03 дугаар сарын 12-оос 16-ны өдрүүдэд Стандартчилал, хэмжил зүйн газар дээр хүлээн авч дараах сэдвүүдийн хүрээнд 3 өдрийн семинарыг зохион байгуулна. 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Нийгэмд стандартын гүйцэтгэх үүрэг, нөлөө”, 03 дугаар сарын 13-ны өдөр “Техникийн зохицуулалт”, 03 дугаар сарын 14-ний өдөр “Стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг тухайлсан салбарт хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх тухай /Дэд бүтцийн салбар/” сэдвүүдээр Канадын Стандартчиллын Зөвлөлийн холбогдох мэргэжилтэн экспертүүд аргазүйн заавар, практик зөвлөмж өгч семинар зохион байгуулах юм. Семинарт стандартчиллын мэргэжилтнүүдээс гадна үндэсний стандартчиллын үйл ажиллагаанд оролцдог салбарын яамд, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дэлхий нийтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжлийн хурдац, шаардлагад нийцүүлэн стандартчиллын ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Дээрх арга хэмжээний үеэр стандартчиллын ажлын чиглэлээр цаашид Канадуудтай хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам зэрэг төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөлтэй санал солилцох ярилцлага зохион байгуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ