
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэрээр долдугаар сарын 1-ндий үймээнээр амиа алдан залуусын ар гэрийнхэнд тус бүр нэг сая төгрөг гардуулсан юм. С.Жавхлан тоглолтын болон эх орны хишгээсээ нийт 21 аймгийн төлөөлөл болгон 21 ээжид тус бүр нэг сая төгрөг өгчээ.
Тэрээр Доржсүрэнгийн ээж Д.Үржинсүрэн, Р.Мөнх-Эрдэнийн ээж Тунгалаг, Ганбаатарын эхнэр Оюунбилэг, Ц.Энхбаатарын дүү Ц.Хэрлэнтуяа, Батсайханы ээж Тогтох нарт тоглолтын хишгээ цагаан хадагтай өргөн барьж хүүгээ алдсан ээжүүд, эхнэр, ах дүүсийнх нь сэтгэлийг дэвтээсэн юм. Мөн “Заяа тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамарад тоглолтын хишгээсээ хүртээсэн. Тэрээр орон гэргүй залуус, хүүхдүүдийг халамжилж, хийх ажилтай болгон амьдралын ухааны сургаж ирсэн ачтан юм байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Д.Цэрэннадмид, Дорноговь аймгийн Ж.Өлзийбаяр, Увс аймгийн Б.Сийлэгмаа гээд 21 аймгийн ээжүүдийн төлөөлөлд энэ мөнгийг өгсөн.
Тэрээр "Энэхүү буяны үйл нь сонгуультай ямар ч хамаагүй. Хүмүүс намайг сонгуулийн ажлаа эхэллээ, улс төр хийлээ хэмээн янз бүрээр хардаж байх шиг байна” хэмээн учирласан. Мөн “Би өөрөө гэсэн өнчин хоцорсон, эцэг, эхийн хайрыг санагалзаж явдаг жирийн л нэг үр. Зовлон ямар хэцүү байдгийг би мэднэ.
Тийм учраас үрээ, ханиа алдаад өнчрөл, хагацал үзсэн ээжүүдийг элэг бүтэн болгож чадахгүйгээс хойш сэтгэлийн бага ч гэсэн дэм, итгэл урам зориг хайрлах гэсэн юм. Би олон хүнтэй уулзаж, зөвлөгөө авч, ээжүүдэд тараах өөрийн хайр, хишгээ хэрхэн зөв зохион байгуулах талаар нэлээн нухацтай ярилцаж үр хүүхдээ алдан шаналж байгаа эжүүдэд хишгээсээ өгөх гэсэн юм. Энэ бол ганц С.Жавхлангийн мөнгө биш. Миний тоглолтод ирсэн монгол сайхан сэтгэлт ижий нарын мөнгө” гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ