
Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах ”Мөнгөн мод” ёслолын ажиллагаа өчигдөр Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Уг шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн долоон төрлөөр явуулсан юм. Оны шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр гурван сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа. 2011 оны шилдэг найруулагчаар Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгээрээ, тайз, дэлгэцийн шилдэг зураачаар Ж.Вердийн “Айда” дуурийн тайзны зураг, чимэглэлийг хийсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач СТА С.Ганбаатар шалгарлаа.
Мөн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Тэнгэрийн хүү” жүжгийн хоёр дүр болох Тан улсын элч болон зайрангийн дүрийг бүтээсэн УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчнээр Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” жүжгийн гол дүр Оролмаагийн дүрийг бүтээсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Сарантуяа шалгарсан юм.
Харин шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн гоцлол хөгжимчин, морин хуурч Н.Жигжиддорж, оны шилдэг дуучнаар Монгол Улсын Гавъяат жүжигчин Э.Амартүвшин, шилдэг бүжигчнээр УДБЭТ-ын бүжигчин Н.Тулга шалгарч цомын эзэн боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ