
Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах II тэмцээний анхны хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар болон волейболын холбооны шүүгчид оролцсон юм.
Энэ удаад анхдугаар тэмцээний аварга Тайланд, мөн зохион байгуулагч Монголоос гадна Хонконг, Казахстан, Киргизстан, Малайз гэсэн зургаан орон оролцохоор эцсийн байдлаар мэдүүлэгээ өгчээ. Хэвлэлийн хурлын үеэр Д.Жаргалсайхан дарга хэлэхдээ “Тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ 65 хувьтай явж байна гэж дүгнэлээ.
Тэмцээн Буянт-Ухаан дахь Спортын шинэ ордонд болно. Харин тамирчид Спортын төв ордон болон МУИС-ийн Эдийн засгийн сургуульд тус тус бэлтгэлээ базааж, “Цэцэг” зочид буудалд байрлана.
Тэмцээнийг олон улсын стандартад нийцсэн Жефлор шалан дээр явуулна” гэлээ. II тэмцээнд оролцох зургаан баг олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу тойргоор тоглох бөгөөд I, II байр эзэлсэн багууд хоорондоо аваргын төлөө, харин III, IV байр эзэлсэн нь хүрэл медалийн төлөө тоглоно. Монголын шигшээ, урьдчисан байдлаар “Энагура”, “Уурхайчин”, “Эрчим”, “Тэнүүн Огоо” багуудын 22 тамирчнаас бүрджээ. “Хангарьд” дахь нэгдсэн цугларалт дууссаны дараа тэднээс 12-ыг нь эцсийн байдлаар сонгон шалгаруулах ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ