Хяналтын хорооныхон ажиллаж байна

img

Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах II тэмцээний бэлтгэл ажлыг шалгах зорилгоор Азийн Оюутны Спортын Холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, Азийн волейболын холбооны техникийн төлөөлөгч, Япон улсын  иргэн Ёшихарү Нишиваки нар энэ сарын 9-11-нд Улаанбаатарт ажиллаж байна.   Тэд тэмцээн зохион байгуулагдах “Буянт-Ухаа” биеийн тамир, спортын ордон, баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилт хангах Спортын төв ордон, МУИС, МУБИС зэрэг заалуудаар орж, тамирчид байрлах зочид буудал, техник хангамж, ажиллах хүч, сайн дурын оюутан-орчуулагч, эмнэлэг, хамгаалалт, соёл урлагийн үйлчилгээ явуулах, нээлт хааалтын ёслолын протокол зэрэгтэй танилцаж,  үнэлэлт дүгнэлт гаргалаа.   Мөн тэмцээний Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Волейболын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Ламбаа, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан зэрэг албаны хүмүүстэй  уулзан тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны үйл ажиллагаатай танилцсан юм. Түүнчлэн энэхүү тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулах аж. Одоогоор Япон, Тайланд, БНХАУ, Казахстан улсуудаас олон улсын багийн гишүүд ажиллахаар тодорчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ