
2012 оны гуравдугаар сарын 30-дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Казакстан улсын нийслэл Астана хотод “Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах азийн тэмцээн болно.Сонгомол, эрэгтэй чөлөөт бөхийн 7 жин, эмэгтэй чөлөөт бөхийн 4 жингээр явагдах тус тэмцээнд шар тивийн 20 орны бөхчүүд оролцох мэдүүлгээ өгсөн байна. 2700 хүний суудалтай “Даулет” спорт цогцолборт болох тэмцээний
техникийн төлөөлөгчөөр ФИЛА-гийн Товчооны гишүүн, Унгарын бөхийн холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Чаба Хегедуш томилогдсон байна.
Энэ тэмцээнд жин тус бүрт алт, мөнгөн медаль авсан нийт 36 бөхөд Зуны олимпийн наадамд оролцох эрх олгох юм.
Эрэгтэй чөлөөт бөхийн 55 /Даулет Ниязбеков/, 60 /Даурен Жумагазиев/, 74 /Абдулхаким Шапиев/, 96 /Таймураз Тигиев/ кг-ийн жингүүдэд олимпийн наадмын эрхээ нэгэнт авсан казакстаны баг 66 кг-ийн жинд Акжурек Танатаров,
84 кг-ийн жинд Семен Семенов, 120 кг-ийн жинд олимпийн хүрэл медальт Марид Муталимов нарыг дэвжээнд гаргахаар шийдвэрлэсэн байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн 48 /Жулдыз Эшимова-Туртбаева/, 72 /Гузель Манюрова/ кг-ийн жингүүдэд олимпийн наадамд оролцох эрхээ авсан казакстаны баг энэ тэмцээнд 55 кг-ийн жинд Айым Абдильдина, 63 кг-ийн жинд олимпийн болон ДАШТ-ний мөнгөн медальт, азийн аварга Елена Шалыгинаг барилдуулах юм байна.
Узбек улсаас эрэгтэй чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд олимпийн хошой аварга Артур Таймазов ирнэ.
Эрэгтэй чөлөөт бөхийн 72, эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд олимпийн эрх өвөртлөөд байгаа монголын багийн хувьд дахин нэмж 9 жинд эрх авахын төлөө өрсөлдөх болно.
2008 оны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд манай тус бүр 3 нийт 6 бөх оролцож байсан билээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ