
Арго багш нэрээр олонд танигдсан н.Ариунболд дэлхийн 25 хэл мэддэг хэмээн өөрийгөө сурталчилдаг. Тэрээр Чингисийн хар тугны тахилгач, зурхайч, Ард түмний гавъяат зэрэг олон гуншинтай нэгэн. Тэрбээр Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад хэл зааж, дээрх хэлний сурах бичиг, гарын авлагыг бие даан зохиодог гэдэг.
Нэг хэсэг Чингис хааны хар тугны тахилгын тухай, гадаадын олон хэлээр хурдан ярьж сурах арга зам зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал ойр ойрхон зарлаж байсан. Харин сүүлийн үед МАН-д элсэх гэсэн ч бүртгээгүй тухай, МАХН-д д элсэж сонгуульд нэр дэвших болжээ зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй түүний тухай мэдээлэл гарах болсон.
Харин түүний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Арго багш хошин урлагийн театртай болжээ. Тодруулбал, маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд Арго багшийн хошин урлагийн театрын шинэ уран бүтээл “21 мянга” нэртэй хошин шоу тоглолтынхоо талаар мэдээлэл өгөх гэнэ.
Арго багш шиг олон хэлээр ярьдаг, Чингис хааны хар тугны тахил, бөө мөргөлийн тухай дэндүү гэмээр мэдлэгтэй, “универсал” хүн монголд цөөхөн. Цөөхөн гэдгээ мэддэг тэрээр сонгууль нэр дэвших хүсэлтэй ч байгаа юм билүү. Юутай ч, тэрээр хошин урлагт хүч үзэх нь үү, хошин урлагаар гүүр хийж сонгуульд өрсөлдөх нь үү гэдгийг харах л үлдэж дээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ