
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг өнгөрсөн жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Ням-Очир тодорчээ. Тэрээр өнгөрсөн сард Парис хотноо болсон “Их Дуулга” тэмцээнд түрүүлж, Дюсселдорфийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.
ОУХМ С.Ням-Очир онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 47 хувийн саналыг цуглуулж чаджээ. Энэ нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас сарын шилдэг тамирчин болж буй гурав дахь тохиолдол юм.
Харин II байрт “Сарын шилдэг тамирчин”-ы шалгаруулалтад хоёр дахь удаагаа нэр дэвшсэн, луу жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөхөөс найман даван түрүүлсэн Монгол Улсын Аварга С.Мөнхбат орлоо. Тэрээр нийт 34 хувийн саналыг авсан байна.
Харин тэквондогийн спортын тамирчдаас анх удаагаа энэ шалгаруулалтанд нэр дэвшсэн Спортын Мастер Д.Дашням 7,5 хувийн саналаар удааллаа. Тэрээр Хонконгод болсон Олон улсын “Алтан Цом” тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн юм. Тэрчлэн 12-р сарын шилдэг тамирчин, манай шалгаруулалтанд гурав дахь удаагаа нэр дэвшин дээд амжилтыг тогтоосон МУГТ Б.Сэр-Од, Европын цуврал тэмцээнүүдээс гурван медаль хүртэн, олимпийн эрхийн төлөө хүчтэй дайралтыг хийж буй жүдогийн ОУХМ Д.Сумъяа нар хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд нэр дэвшин амжилттай өрсөлдлөө.
Дашрамд дурдахад, анхны шалгаруулалтад амжилтаараа манлайлсан таван тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай. Тэгвэл 12-р сарын шилдэг тамирчнаар манай шалгаруулалтанд хоёр дахь удаагаа нэр дэвшсэн, Монголын спортын отгон гавьяат тамирчин марафоны спортын тамирчин Б.Сэр-Од Японы марафонд хоёр дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ. 2012 оны анхны сарын шилдэг тамирчнаар Жүдо бөхийн Мастерсийн тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн ОУХМ С.Мияарагчаа олонхийн саналаар тодорсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ