“Эх дэлхийн цаг” энэ сарын 31-нд тохионо

img

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ зохион байгуулдаг “Эх дэлхийн цаг” арга хэмжээг манай улс гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. “Эх дэлхийн цаг”-ийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс энэ жилийн хувьд энэ сарын 31-нд тохиожээ.   Улаанбаатар хотод 2010 оны гуравдугаар сарын 26-ны өдөр анх удаа “Эх дэлхийн цаг”-ийг зохион байгуулсан бөгөөд 4000 орчим хүн хамрагдаж байсан аж. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригийн орой 20:30-21:30 цагийн хооронд бүгд гэрлээ унтрааж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлдэг уламжлалтай.   2011 онд Улаанбаатар хотод 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн  бөгөөд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдэн эх дэлхийн төлөө цохилох зүрхтэй монгол хүн гэдгээ илэрхийлсэн аж. “Эх дэлхийн цаг” арга хэмжээний үеэр гэрлээ унтраан дэмжсэн хүн нэг бүрийг тоолох нь Монголын нөхцөлд хараахан боломжгүй ч 2011 онд Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь агаар мандалд дэгдэх байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 кг 292 граммаар бууруулсан гэсэн үг юм. Хэдийгээр лаа асаах нь ялгаагүй нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа тул үр нөлөөгүй гэсэн зарим хүний хандлага гардаг боловч “Эх дэлхийн цаг” аяны үеэр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын шалтгаан, байгалийн нөөцийг хэмнэхийн ач тусыг ойлгосон хүмүүсийн цаашдын өдөр тутмын амьдралд гарах эерэг өөрчлөлт нь хэмжээлшгүй ач холбогдолтой байдаг аж.   Энэ жил Улаанбаатар, Улаангом, Ховд хотуудад тус аян урьдын адил зохион байгуулагдахаас гадна Говь-Алтай аймгийн төв Алтай хотын залуус нэгдэхээ илэрхийлжээ.   Дашрамд дуулгахад, дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй аж. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл, үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, автомашинаас гарч буй хүлэмжийн хий юм. Хэрвээ бид одоо эх дэлхийгээ аврахгүй бол 2035 он гэхэд өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болно гэсэн сэтгэл өвтгөм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан байдаг.   Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт гэрлийн хурдаар өсч тэр хэрээр байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Сүүлийн 50 жилд дэлхийн уур амьсгалд маш их өөрчлөлт гарсныг олон тоо баримт, үйл явдал батлан харуулж буй.   Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг сануулдаг байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sss888:
saihan medee bna
2013-03-20