
Морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Морин хуурын олон улсын III их наадам ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохиогдоно.
Наадмыг Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, “Пегасус” төв хамтран зохион байгуулах аж. Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, ХБНГУ, Францын 200 гаруй морин хуурч болон сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцоно.
Энэ үеэр олон улсын морин хуурчид Э.Чойдогийн “Монголын сайхан орон”, З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн адажио, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга”, Чи-Булагийн “Мандах нар” зэрэг бүтээлийг эгшиглүүлнэ. Мөн арга хэмжээний үеэр зохиогдох эрдэм шинжилгээний хурлаар монголчуудын морин хуурын сургалтын арга, онцлог болон монгол хүний сэтгэлгээнд хуур хэрхэн нөлөөлсөн зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавих аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ