ФИЛА-гаас дасгалжуулагч нарт зориулсан медаль бий болгожээ

img

Дэлхий, тивийн түвшний алдартай бөхчүүдийг илрүүлэн гаргаж сургаж бэлтгэсэн дасгалжуулагч нарыг шагнаж байх медалийг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас бий болгожээ. Уг медалийг анх удаа ЗХУ болон ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Юрий Шахмурадов, Дэги Багаев нарт ФИЛА-гийн ерөнхийлөгч Рафаэль Мартинетти саяхан Серби улсын Белград хотод болсон европийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулжээ. Юрий Шахмурадов нь 1966-1967, 1969 онуудад европийн аварга болж ДАШТ-нд 1970 онд түрүүлсэн байсан юм. Түүнийг 1972-1981 онуудад ЗХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаанд нь зөвлөлтийн бөхчүүүд 12 олимпийн медаль хүртэж байв. Ерээд оны үед Турк, Итали улсад дасгалжуулагчаар ажиллаж байгаад 1993 оноос ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, дараа нь Дагестан улсын Олимпийн бэлтгэлийн төвийн захирлаар ажиллаж байжээ. Дэги Багаев нь чөлөөт бөхийн чечений дэгийг үндэслэгч гэж тооцогддог хийгээд 27 настайдаа Гавьяат дасгалжуулагч цол хүртэж байжээ. Тэрбээр дэлхийн аварга Асланбек Бисултанов, Хасан Оруцев, Салман Хасимиков, Тарам Магомедов, Адлан Вараев нарын дасгалжуулагч байв. Түүний шавь нар нь олимпийн гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев, түүний ах олимпийн аварга Адам Сайтиев, европийн 4 удаагийн аварга Жамал Отарсултанов зэрэг алдартай бөхчүүдийг бэлтгэсэн юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ