-Facebook-ын “Cambridge Mongolia” гэсэн фэн хуудсанд 3700 гаруй хүн нэгдсэн мэдээ байна. Дэлхийн монгол хүнийг бэлтгэж байгаа тухай, боловсролын тогтолцооны шилжилтийн талаар сурагчид, эцэг эхчүүд, багш нар бие биенээсаа асууж, мэдсэн сонссоноо хуваалцаж байгаа юм байна. Сурагчид яаж элсэх вэ гэж асууж байхад нэг аав “сонгуулийн дараа бодлого нь өөрчлөгдчихгүй юу, ахмад багш “Монголоо алдсан хүмүүүс гарцгаах уу гэж гэсэн байх жишээтэй. Танай яамны харъяа зурагтаар гардаг тэр гоё сургуулиуд одоо төлбөргүй ч дараа нь мөнгө нэхэхгүй гэсэн ямар баталгаа байгаа тухай хамгийн олон асуусан байна лээ.
-Кэмбрижийн их сургуулиас сургалтын хөтөлбөрт шаардлага тавихаас гадна орчинд нь өндөр шаардлага тавьдаг. Хэрвээ бид энэ олон улсын стандартад бүрэн шилжиж, Монголд Кэмбрижийн гэрчилгээ авдаг больё гэвэл сургуулийн байр, сургалтын орчин, лаборатори гэх мэт зүйлийн стандартыг заавал биелүүлэх ёстой. Тухайлбал, нэг хүүхдийн ангид, лабораторид, биеийн тамирын зааланд ногдох метр квадратын хэмжээ зайлшгүй мөрдөнө. Бид 2008 онд Засгийн газар байгуулагдснаас хойш 50 гаруй шинэ хичээлийн байр барьсан. Хэрэв бид хуучин стандартаар барьсан бол арай олныг 40-ийг барих байсан. Бага зэрэг төсвийн ялгаа бий. Цаашид шинэ стандартаараа барих чиглэл барьж байна.
-Нүдэнд харагдаж байгаа орчин үеийн сургуулийг дараа нь төлбөртэй болчих вий “Нөгөө чи хэний хүүхэд вэ гэж асуухгүй, чи ямар сурдаг хүүхэд вэ” гэж асуух, эцэг эхийнх нь төлбөрийн чадвараас хамаарахгүй сургах гол шударга тал нь баталгаатай юу л гэж хүмүүс их асуугаад байна.
-Монгол Улсын Үндсэн хуулиар суурь боловсрол үнэ төлбөргүй байх ёстой. Суралцагч суурь боловсролоо эзэмшээд нэмэлт Кэмбрижийн шалгалтыг өгнө гэвэл төлбөрийн асуудал гарна. Сургалтын төлбөр биш шалгалтын төлбөр. Одоогийн байдлаар бидний тооцоолж байгаагаар жилд 500 орчим ам.долларын асуудал үүснэ.
-Танай яамны харъяанд Молон улсын лаборатори гурван сургууль ажиллаж байгаа. Үндэсний лаборатори 30 сургууль байгуулагдах гэж байгаа. Эдгээр сургуулиуд бүгд үнэ төлбөргүйгээр улсаас хүүхдүүдэд суурь боловсрол олгох уу?
-Шалгалт өгвөл л төлбөрөө төлнө. Өөр ямар нэгэн төлбөр байхгүй.
-Facebook дээр хамгийн ихээр ярьж байгаа зүйл нь Монголын одоогийн мөрдөгдөж байгаа хөтөлбөрийн хажуугаар заавал гадаадын стандарт хөтөлбөр стандарт нэвтрүүлэх нь хэр оновчтой юм бэ? Монгол хүүхдийг оюун санаа, соёл, боловсролын хувьд харь ондоо болгох гэж зүтгээд байгаа нь ямар учиртай вэ гэсэн хардлага ч байгаа юм биш үү?
-Боловсрол дэлхий нийтээрээ нэгдмэл болж буй зүйл. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний лабаратори сургуульд хими, математик, биологи, англи хэлний хичээлийг шинэ стандартад шилжүүлж байна. Англи математик, монгол математик гэж байхгүй. Зимбабве математик, япон математик гэж байхгүй. Харин монголтойгоо холбоотой стандартаа бид өөрсдөө боловсруулна. Монголын түүх, монгол хэл, газар зүй зэрэг хичээлийн стандартаа бид өөрсдөө боловсруулах юм. Үүнийг Кэмбрижийн их сургууль хийж өгөхгүй. Кэмбриж гэдэг нэрнээс нь болж шууд англи стандартыг авч ирээд хуулах гээд байна гэсэн ташаа ойлголт яваад байна. Энэ бол дэлхийн 132 оронд хэрэглэж байгаа олон улсын стандарт. Английнх биш олон улсын стандарт. Дэлхийн 4000 гаруй их, дээд сургууль хүлээн зөвшөөрсөн зүйл л дээ. Та Монголд ерөнхий боловсролын сургууль төгсөөд Америк, Канадын аль нэг их сургуульд оръё гэхэд “Танай монголын сургуульд 12 жил ямар хичээл заадаг юм бэ” гээд эхэлнэ. Тэгээд дахиад л англи хэл, математик, физикийн шалгалт авна. Энэ бол нэг ёсондоо дэлхий дахинд Монголын боловсрол хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэсэн үг. Хэрвээ бид 2017 оны шилжилтээ хийж чадвал манай гэрчилгээн дээр Монгол Улсын суурь боловсролын гэрчилгээ гэж олгогдоод үүний доод талд Кэмбрижийн олон улсын шалгалтад тэнцэв гэж дарагдана. Энэ тохиолдолд та магадгүй хүссэн сургуульдаа орохын тулд зөвхөн англи хэлний шалгалт л өгнө. Таны сертифкатын дүнг шууд сургууль нь хүлээж авч, танайд юу заадаг вэ гэсэн зүйлүүд байхгүй болно.
-Монголдоо эзэмшсэн ерөнхий боловсрол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг үү?
-Тийм. Дэлхийн 4000 гаруй их дээд сургуульд элсэх эрх нээгдэнэ.
-Сайд бол улс төрийн албан тушаал. Дөрвөн жил болоод солигдож өөрчлөгдөж байдаг ажил. Сайд нь өөрчлөгдөхөөр бодлого нь өөрчлөгдөх нь ч бий. Кэмбрижийн хөтөлбөр нэвтрүүлэх ажил сайд нь хэн байхаас хамаарахгүй, тогтвортой үргэлжилнэ гэсэн баталгаа бий юу?
-Ямар ч хүн сайд болсон өөрийн улсын боловсролын тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг зогсоохгүй байх. Энэ процессыг баталгаажуулахын тулд Засгийн газрын хөтөлбөр батлагдаж, 2014 он гэхэд улс орон даяараа шилжинэ гээд заачихсан. Азийн хөгжлийн банк системийн үнэлгээ хийсэн. Судалгаагаар биднийг энэ шилжилтийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу өнгөрсөн оноос Азийн хөгжлийн банк манай боловсролын салбарт үзүүлдэг тусламжаа Кэмбрижийн шилжилтэд зориулж эхэлсэн. Шүүмжилж байгаа зүйл нь энэ систем танай улсад харьцангуй үнэтэй тусна гэсэн. Учир нь өмнө нь манай өөрсдийн мэргэжилтнүүд сууж байгаад хичээлийн хөтөлбөр хийдэг байсан бол одоо Кэмбрижийн их сургуулийн багш нар ирж хамт боловсруулж байна. Ингэхээр үнэлгээ нь өндөр болно. Гэхдээ малд мөнгө өгч болоод байгаа юм чинь боловсролдоо, хүүхдүүддээ, ирээдүйдээ мөнгө зарцуулж болох байлгүй гэж үзэж байгаа.
-БСШУЯ-ны харъяа олон улсын лаборатори “Шинэ эрэн”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль ажиллаж байна. Яамны харъяа олон улсын лаборатори гэдэг нь ямар учиртай вэ? Яагаад Монголд гурав байгаа юм бэ?
-Олон улсын лаборатори сургууль гэхээр хүмүүс буруу ойлголт аваад байдаг юм. Үндэсний лаборатори сургууль гэдэг монгол хэлээр хичээллэж байгаа хөтөлбөрүүдийг Кэмбрижийн стандартад шилжүүлээд үүнийгээ бусад сургууль, багш нартаа зааж байна. Ингэхдээ бусад сургуулийн багш нарыг авч ирж шинэ стандартад бэлтгэн мэргэжлийг нь дээшлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн нэг сургуулийг Үндэсний лаборатори сургуулиар сонгон авсан байлаа гэхэд тэнд бусад сургуулийн багш нар ирж, шинэ заах аргаас сурах юм. Ингэж суралцсан багш нар 2014 он гэхэд өөрийнхөө сурагчдад шинэ аргаараа хичээлээ зааж эхэлнэ. Олон Улсын лаборатори сургууль нь үндэсний хөтөлбөрөө хүүхдэд заагаад дээрээс нь Кэмбрижийн хөтөлбөрөөр нэмэлт хичээл орно. Төгсөгчид нь үндэсний болоод Кэмбрижийн гэсэн хоёр гэрчилгээ гардана. Харин гурван лаборатори сургууль байгуулж байгаагийн шалтгаан нь манайд хос хэлний боловсрол шаардлагатай байна гэдэг нь хувийн хэвшлийнхнээс харагдаж байна. Хувийн сургуулиуд жилд 7-18 мянган ам.долларын төлбөр авч олгож байгаа боловсрол. Харин авъяастай, чадвартай хэрнээ мөнгөгүй хүүхдүүдийг яах вэ. Хүүхдийн чадал нь хүрч байвал үнэтэй хэдий ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг төрийн сургуульд үнэ төлбөргүйгээр эзэмших боломж нээж байна. Хувийн сургуулиудын үнэтэй олгож байгаа боловсролыг өөрийн толгойгоор олж аваад цаашаа нэртэй их дээд сургуульд элсэж сайн мэргэжил, сайн боловсрол эзэмших боломжийг бодитой бүрдүүлэх зорилготой. Миний мөрөөдөл бол 30 жилийн дараа Монгол Улс тэр чигтээ энэ боловсролын систем рүү шилжих. Одооноос эхний сургуулиудыг байгуулж, зохицуулалтыг нь төр хийж чадаж байна гэдгийг харуулах хэрэгтэй. Сингапур улс өнөөдөр яг энэ тогтолцоотой. Өнөөдөр Сингапурын их, дээд сургуульд орох нь Америкийнхаас хэцүү болоод байна. Сингапурт их, дээд сургуульд орж чадаагүй нь Америк, Англи, Австралид очдог болж байна. Ийм үнэ цэнэтэй боловсролын тогтолцоотой болох юмсан гэж зорьж байна. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. Мөнгөтэй эцэг, эхчүүд бидний нүдэн дээр Сингапурт хүүхдээ аваачаад сургаад байна. Мөнгөгүй байгаа нь хүүхдийн буруу биш. Сайхан хувь заяагаа өөрсдөө сонгож, эзэн нь болох нь мөрөөдөл хүүхэд бүрт бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ