БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр: Баян-Өлгийд зориулан тусгай хөтөлбөр боловсруулна

img

-Өөр ямар ахиц гарч байгаа вэ. Тухайлбал, нийгмийн гишүүн болж, өөрийн үзэл бодолтой, өөрийгөө илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт хийх зэрэг тал дээр ялгаа анзаарагдаж байна уу? -Манайх сургалтын философийн хувьд 2005 оноос стандартдаа оруулсан. Бид шавь төвтэй сургалт гээд яриад байдаг шүү дээ. Гэхдээ багш бэлтгэж байгаа сургууль маань хуучин ЗХУ-ын багш дээр төвлөрсөн сургалтын технологио хэвээр хадгалаад байгаа учир хүн бүрийн үзэмжээр шийдэгдэж байсан. Одоо бид үүнийг зогсооё гэж байна. Тэнд ийм өөрчлөлтийг хийгээд олон жил болж байгаа сургуулийн аргачлалыг хэрэглэе гэж байна. Кэмбрижийн их сургуулийнхан манайхыг ирж судлаж үзсэний дараа бид танай системийг авъя гэсэн саналыг тавихад хамгийн түрүүнд  “Танайд маш их мэдлэгийн цуглуулга болсон хүүхэд хэрэгтэй юм уу, эсвэл байгаа мэдлэгээ зөв ашиглаад амьдралдаа хэрэглэдэг хүүхэд хэрэгтэй юу” гэсэн. Танайх хүүхдийг хичээлийн агуулгаар их дарах юм. Нөгөө хүүхэд нь эхний агуулгаа цээжилж амжаагүй байхад дараа дараагийнхыг нь оруулж ирээд ачааллаад байна. Хоёрдугаарт, хүүхдийн танин мэдэхүйн хамгийн хэрэгтэй цаг буюу бага ангид байхад нь маш их хүнд агуулгаар хичээл зааж байна. Бага ангийн хүүхдэд их мэдээлэл өгөх нь чухал биш. Харин өгсөн мэдээллийг хэрхэн ашиглах, суралцах арга барил суулгах нь чухал. Анги дэвших тусам хүүхэд бойжилтоороо ачаалал даадаг болно. Тэр үед нь ачаалалыг нь нэмэх ёстой. Гэтэл манай бага ангийн сурагчид Кэмбрижийн системээр сурч байгаа хүүхдээс хамаагүй илүү байснаа дундаас дээшлээд ирэхээрээ хоцроод явчихдаг. Тэдний үзэж байгаагаар үүний хамгийн сул тал нь хүүхэд мэдлэгээ цээжлээд хуримтлуулаад сурч байгаа болохоос түүнийгээ ашигладаггүй. Их, дээд сургуульд орохоороо баахан лекц бичиж, тэмдэглэсэн хүн  болохоос биш энэ мэдлэгээ ажил дээр гараад ингэж ашиглах ойлголт бага. -Үнэлгээний хувьд ямар ойлголт байна вэ. Биднийхээр бол нэг хэсэг урд талын ширээнд суудаг хэдэн хүүхэд багаасаа л нийгмийн шалгарсан манлайлагч болох нь гарцаагүй тодорчихдог. Гэтэл арын ширээнд нийгмийн хог, шаар болох нь тодорхой болсон хэдэн нөхөр яваад байдаг. Дүнгийн үнэлгээ гэдэг маань багшийн үзэмжээр шийдэгдэж, зарим тохиолдолд бараг шийтгэл болж хувирдаг. Өнөөдөр зарим тохиолдолд тухайн сургууль, багш өөрийн ажлаа муугаар үнэлүүлэхгүй нь тулд бага, дунд боловсролоо эзэмших гол гол ангиуд дээрээ бүгд онц сураад эхэлдэг тал ажиглагдаад байна уу? -Үнэлгээний асуудлыг олон улсын тогтолцоонд нь тохируулж шинэчилье гэдэг зүйл энэ хичээлийн жилийн төгсгөлөөс эхэлнэ. Энэ нь судалгааны ажлаа эхлэх гэж байгаа гэсэн үг л дээ. Бидний үеийнхэн бол онц, сайн, дунд, муу гээд дүнгээ ангилаад сурчихсан. Таны хэлж байгаа асуудлууд манай сургуулиудад гардаг. Кэмбрижийн хөтөлбөр хүүхэд бүр адилгүй гэдэг бодлого барьдаг. Магадгүй тооны хичээлдээ муу хүүхэд байж болно. Гэхдээ тэр хүүхэд уран зургийн хичээлдээ сайн байж болно. Хүүхдийг 13-14 насных нь үед ийм онцлогоор нь ялгаж эхэлдэг. Бид энэ систем рүү ороход арай эрт байна. Одоогоор бид үнэндээ сургалтын нэгдмэл хөтөлбөр ч байхгүйгээр цохиж яваа. Нэг стандарттай. Үүнийгээ багш нар нь харж хөтөлбөрөө боловсруулдаг. Энэ тохиолдолд Ховд аймгийн багшийн хийж байгаа хөтөлбөр Улаанбаатар хотын I сургуулийн багшийн хөтөлбөрөөс ялгаатай байна. Бид Кэмбрижийн стандартыг нэвтрүүлснээр Ховд аймагт ч, Улаанбаатар ч нэг адил хөтөлбөртэй болно. Дараагийн бидний хийх алхам нь хүүхдүүдээ авъяасаар нь ялгах асуудал руу орно. Үүнийг үнэлгээний системдээ тусгаж өгөх юм. Үлгэрлэж хэлбэл, зураг зурах сонирхолтой хэрнээ хими, физикт сонирхолгүй хүүхэд байж болно. Тийм авъяастай хүүхдүүдэд байгалийн шинжлэх ухааны нэгдсэн хичээл оруулаад зургийн гүнзгийрүүлсэн хичээл оруулдаг. Энэ тогтолцоо руу аажимдаа шилжих юм. -Одоо олон улсын лаборатори сургуульд орох хүсэлтэй хүүхэд эцэг, эхтэйгээ зөвлөлдөж байгаад эзэмших мэргэжил, дур сонирхолдоо тааруулаад 11 хичээлээс зургаагаас дооошгүйг нь сонгож байна гэж байна. Тухайлбал, сэтгүүлч болохыг хүсэж байгаа хүүхэд түүх, уран зохиол, инженер болох нь математик, физикээ илүү түлхүү сонгон суралцаж байна гэсэн үг үү? -Ахлах ангидаа руугаа заавал сонгон суралцана. Тухайлбал, манай физикийн хичээлийн агуулга муудсантай холбоотойгоор хүүхдүүд маань оросын их, дээд сургуульд тэнцэхээ больсон. Энэ нь нэг хэсэг тодорхой тооны сургуулиудад байгалийн шинжлэх ухааны нэгдмэл хичээлүүд оруулна гэснээс үүдэн тэр сургуулиудад суралцаж байсан хүүхдүүд физикийн талаар маш ерөнхий ойлголттой болсон. Бид ингэж хүүхдийн сонголтыг уландаа гишгэлж болохгүй. Инженер болъё гээд байхад сургууль дээр нь физик заахгүй байж болохгүй. -Эртнээс мэргэжлээ сонгож, өөрийгөө бэлтгэнэ гэсэн үг байх нь? -Хүүхдийн онцлогт тохирсон сургалт явуулна гэсэн үг. -Манай одоогийн энэ системээр явахад үндэсний цөөнх хэсэг маань боловсролын үзүүлэлтээрээ доогуур яваад байдаг. Үндэснийхээ хэл дээр сургалт явагдаж байхад ийм байхад дахиад гадны энэ системийг тэнд нутагшуулах боломж бий юу? -Тогтолцооны хамгийн бэрхшээлтэй асуудал нь монгол хэл болж хувираад байгаа юм. -Дахиад англи хэл дээр хичээл яваад ирэхээр хүүхэд хүлээж авч чадах уу? -Бид Баян-Өлгийд Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, казах хэлний сектор гэж тусад нь байгуулна. Гэхдээ бага ангид нь Монгол Улсын иргэнд олгогдсон эрхийнх нь дагуу өөрийнх нь унаган хэл казах хэлээр хичээлээ заана. Дунд, ахлах ангиас эхлээд хичээлийг аажимдаа монгол хэл рүү шилжүүлээд сургууль төгсөж гарахдаа тэр хүүхэд яг бусад хүүхдүүдийнхээ адил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх чадвартай болох ёстой гэсэн бодлого барьж байна. Баян-Өлгий аймаг жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээр хойгуур яваад байдаг. Үүний үндсэн шалтгаан нь хүүхдэд казах хэлээр хичээл заасан хэрнээ шалгалтаа монголоор авчихдаг, сайн дүн үзүүлэх боломж багатай. байна. Баян-Өлгий аймагт зориулан тусгайлсан хөтөлбөр гаргах шаардлага бий. Баян-Өлгий аймагт II сургууль лаборатори сургуулиар сонгогдсон. Энэ Үндэсний лаборатори сургууль шинэ хөтөлбөрийг нэвтрүүлээд үүн дээрээ яаж өөрчлөлт хийх вэ гэдэг асуудалтай байгаа. Олон улсын хөтөлбөрийн давуу тал, шинэ боломжийг олж харсан эцэг эхчүүд, хүүхдүүд ч яаж элсэх вэ, хэзээ шалгалт авахыг сонирхож байна. -Хамгийн эхний лаборатори сургуульд бид есдүгээр ангиас хүүхдүүдээ авсан. Учир нь бидэнд багш нарын нөөц бага байна. Багш хичээлээ монгол, англи хэлээр хичээлээ заана.  Хоёр хэлээр хичээл заах багш нарынхаа нөөцийг бэлтгэх ажил явагдаж байна. Одоогоор бол тэргүүний гэж үзэж байгаа багш нарынхаа хэлний төвшинг шалгаж үзэж авсан. “Монгол тэмүүлэл” сургууль есдүгээр ангиас элсэлт авч байгаа. Нөгөө хоёр нь  долдугаар ангиас эхлэн элсүүлж байна.  Олон улсын лабортори  сургуульд элсэх анги доошилсоор  ангийг 4 дүгээр ангийнхан орж эхэлнэ. -Энэ жил хэзээ, ямар хичээлээр шалгалт авах вэ? -Наймдугаар сард шалгалтаа авна. Англи хэл, монгол хэл, математикийн хичээлээр авна. Лаборатори сургуулиуд нэмж өөр хичээлүүдээр авъя гэсэн. Энэ жилийн хувьд долдугаар ангиас авахаар төлөвлөж байна. Багшийн нөөцөө харж байж энэ асуудлыг шийднэ. -Олон улсын лаборатори сургуульд сурч байгаа хүүхдүүд олон улсын шалгалт өгч байгаа юу. Анхдагч хүүхдүүдэд ямар илүү үүрэг ногдож байгаа вэ? -Монгол Улс маань одоогоор энэ стандартад тэнцээгүй байгаа учраас шалгалт өгөөгүй. Манай улс  тэнцэх үү, үгүй юу гэдгийг анхдагч сурагчдын  хичээл зүтгэл, авъяас чадвар  шийднэ. Ирэх 6 дугаар сард сард олон улсын хөтөлбөрийн хичээлээр шалгалтаа өгнө. Дүн нь ирэх есдүгээр сард гарна. Хүүхдүүд тэнцвэл Монгол Улс анх удаа Кэмбрижийн их сургуулийн сүлжээнд төрийн өмчийн сургуулиа бүртгүүлнэ. Одоогийн энэ шалтгалтаар гадаадын мэргэжлийн сургуульд орох бүрэн боломжтой. Дээрээс нь гадаадын их, дээд сургуулиудын бэлтгэл сургуульд орох боломжтой. Дараагийн шалгалтаа өгвөл шууд их, дээд сургуульдаа орох боломжтой болно гэж тооцно доо. -Манайх хэзээ улс орон даяараа боловсролоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадах вэ? -2014-2015 онд улс орон даяараа бид үндэснийхээ хөтөлбөрийг нэвтэрүүлж эхэлнэ. 2017-2018 оны хичээлийн жилд Кембрижийн их сургуулиас улсын хэмжээнд энэ систем рүү шилжиж чадаж уу гэсэн үнэлгээ хийгдэнэ. Энэ үнэлгээ хийгдэж, тэнцсэн тохиолдолд Монгол Улсын ерөнхий боловсролын гэрчилгээ нь Кэмбрижийн IJS-ийн шалгалттай дүйнэ гэсэн бичиг хэрэглэх эрхтэй болно. -Кэмбрижийн стандартыг Монголд нэвтрүүлье гэж хичээх болсон хувь хүний шалтгаан юу байна. Энэ стандартыг Монголд нэвтрүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил хэзээ яагаад төрөв? Намын ажил хийж байхад, гадаад харилцаанд ажиллаж байхдаа ч  сургууль соёлд хүүхэд их оруулдаг байсан. Энэтхэгт анх очиж байхад, надаас гадна нэг л монгол оюутан байсан. Намайг ажлаа өгч байхад оюутны тоо 150 хол давсан байсан. Хүүхэд сургуульд оруулахад хамгийн бэрхшээлтэй. Бүртгүүлэх гэхээр энэ хүүхдийг чинь Монголын их сургуулийн хоёрдугаар курс төгссөний дараа нь авна гэдэг. Учир нь танайх 10 жилийн системтэй учраас дахин хоёр жил сурга гэдэг байсан. Тэр үеэс эхлээд л үүнийг яаж шийдэх ёстой юм бол гэж байнга боддог байсан. Дараа нь бид 12 жилийн тогтолцоо руу шилжинэ гээд зургаан настай хүүхдүүдийг сургуульд сургаж эхэлсэн. Энэ нь жилээрээ бид тэнцдэг боллоо гэсэн үг. Одоо агуулгаар нь тэнцүүлэх шаардлагатай болж байна. Дэлхийн 8000 орчим их сургуульд нэг бүрчлэн очиж, монгол хүүхэд ирэхэд нь бүртгэж аваарай гэсэн тохироо хийж зөвшөөршүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг аль нэг тогтолцоог авч энэ асуудлаа шийдье гэсэн юм. Хамгийн удаан өөрчлөгддөг салбарын нэг нь боловсрол. 1990 оноос хойш манай нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, бид  нэг их мундаг олон улсын стандарт руу явна гэж зарласан. Тэгсэн хэрнээ стандартаа 2005 онд буюу 15 жилийн дараа баталсан. Энэ 15 жилийн хугацаанд шинэ стандарт, тогтолцоо гэж юу байдаг талаархи үзэл баримтлалыг судалсан. Гэтэл энэ хугацаанд бүхэл бүтэн үе хуучин стандартаараа сургуулиа төгсчихлөө. Дугуйг дахин зохион бүтээх хэрэггүй гэдэгтэй адилаар бид шинээр бүтээлгүй боловсролынхоо тогтолцоог олон улсынхаа стандартад нийцүүлэх ёстой. Монгол хүн дэлхийн хаана ч ажиллаж, амьдарч болох үе ирчихлээ. Манайд гадаад дотоодын хүмүүс ирээд ажиллахад манай хүүхдүүд өөрсдөө тэднээс илүү мундаг байх ёстой. Тэднээс илүү өрсөлдөх чадвартай байх ёстой. Тиймээс сайд болсноосоо эхлээд энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Манайд жижиг улсын зовлон байна. Судалгааны бааз их тааруу. Тухайлбал, би Орост боловсрол эзэмшсэн. Оросын боловсролыг мундаг гэж бодчихоод түүгээрээ зүтгээд байвал утгагүй. Олон улсад зөвшөөрөгдөх  тал руу нь явъя гэж хувь хүнийхээ үүднээс зүтгэсэн юм. Ерөнхий сайд Кэмбрижийн их сургуультай манай улс хамтран ажиллахаар гарын үсэг зурах үеэр “XX зуунд бид орчин цагийн боловсролыг Монголд ЗХУ-аас хуулж бий болгосон. Мэдээж алдаа, оноо байсан байж таарна. Гэхдээ бид асар том үсрэлт хийсэн. Харин энэ бол XXI зуунд хийж байгаа бидний асар том үсрэлт юм шүү” гэж хэлсэн. Би үүнтэй санал нэг байдаг. Ийм том өөрчлөлтийг хийж чадвал Монгол Улсынхаа хөгжлийг ихээхэн хэмжээгээр урагшлуулж чадна гэж бодож байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ